Нойрны асуудлыг нь шийдвэрлэх тохиромжгүй үед яах вэ?

Хүүхдийнхээ нойрны асуудлыг нь шийдвэрлэх тохиромжгүй үеүд гэж байдаг. Хэтэрхий бага сартай, шүд нь гарах, өвдсөн, хөгжлийн үсрэлт болж байгаа, эсвэл таны гэр бүлийн хувьд тохиромжгүй үе байж болно. 

 

Хүүхэдтэй болсны дараах амьдралтай дасан зохицох хэцүү байдаг ялангуяа эхний хэдэн сар хүүхдийнхээ учрыг нь дөнгөж олох, хүүхэд нь их уйлах, шөнө олон сэрэх зэрэг асуудлууд нь эцэг эхчүүдийн тэсвэр тэвчээрийг нь шалгасан үе байдаг шүүдээ. Харин та энэ үеэ арай хялбар даван гарах дараах хэдэн энгийн зөвлөгөөг мэдээд аваарай:

 

Биелэгдэшгүй зорилго өөртөө тавихгүй байх – Амьдралынхаа эхний 6 сардаа эрүүл өсөж бойжиж байгаа хүүхэд шөнөдөө олон давтамжтай сэрэх нь хэвийн зүйл. Олон хөгжлийн үсрэлт болон үеүдийг давж шинэ зүйл сурч байхдаа хүүхдийн нойрны хэмнэл нь дагаад өөрчлөгдөж янз бүр болдог. Том хүн шиг тасалдахгүй, хангалттай нойр авдаггүй ч бага сартай хүүхдүүд харьцангуй цовоо сэргэлэн байх чадвартай байдаг. Энэ үед хүүхдээс илүү дутуу нойртой, нойр муутай нь ээж аав нар байдаг. 

 

Урт хугацааны нойрны асуудалд битгий санаа зов — Хүүхэд нь зөв цагуудаар ганцаараа сайн унтахгүй байх нь насан туршын муу зуршил үүсгэж байна гэж ихэнх эцэг эхчүүд санаа зовдог. Эхний хэдэн сардаа “муу” зуршил үүсгэж байна гэдэгт таны санаа зовох үе биш юм. Сайн унтдаг ч бай унтдаггүй ч бай ер нь ихэнх хүүхдүүд 4 сар хүрэхээрээ нойр муудах том үеийг даван туулдаг. Хүүхэд нь жоохон томроод ирэхээр мээмээ идэж унтдаг ч бай, бүүвэйлээд унтдаг ч бай нойрны асуудлыг нь шийдвэрлэх бүрэн боломжтой байдаг шүү. Нойрны зөв хэмнэлд оруулах нь хэзээ ч оройтоогүй байдаг ч 1 ой 6 сар хүрэхээс нь өмнө шийдвэрлэвэл танд илүү хялбар байх болно.

 

Өдрийн унтлага – Хүүхдээ унтах үед нь унтаарай, эсвэл ядахдаа амрахыг хичээгээрэй — Эхний хэдэн долоо хоног таныг хүүхдээ унтах үед нь унтаарай гэсэн зөвлөмжийг бишгүй л сонссон болов уу. Гэхдээ ихэнх эцэг эхчүүд тэгж чаддаггүй. Таны анхаарал шаардсан том хүүхдүүд байгаа бол эсвэл туслах хүн байхгүй бол мэдээж унтаад байх боломжгүй. Харин хүүхэд нь унтаж байгаа үед унтдаггүй юмаа гэхэд та өөртөө цаг гарган амрахыг хичээх хэрэгтэй. Нэг аяга цай уугаад суух ч юм уу. Хэдэн минутын амралт маш үр дүнтэй байдаг шүү.

 

Оройны унтлагын үед нь та унтахыг зориорой — Та өөрийн өдрийн хуваариа хэсэг зуур өөрчлөөд хүүхэд нь орой хэдэн цагт унтаж өдрөө өндөрлөж байгаатай нь ижил байлгахыг хичээгээрэй.

 

Унтах зохион байгуулалтаа өөрчлөх — Заавал хуучин байдлаар бүгд унтах албагүй. Өөр өрөөнд унтах, аав нь тусдаа хэсэг зуур унтах, том хүүхдүүдээ өөр өрөөнд унтуулах зэрэг гэр бүлийн унтах зохион байгуулалтаа өөрчлөхөөс битгий төвөгшөөгөөрэй. Хүүхдийнхээ хажуугаар ээж нь эсвэл гол асран хамгаалагч нь сайн амрах нь хамгаас чухал. 

 

Ээж аав шөнөдөө ээлжлэх — Хэрвээ боломж нь байвал ээж аавууд нойроо ээлжилж авах боломжтой. Жишээ нь ээж нь шөнийн эхний 5 цаг тасралтгүй унтах зуур аав нь хүүхдээ сэрэх болгонд нь ээжийг нь сэрээлгүй авж аргална. Харин дараагийн 5, 6 цагаар ээж нь хүүхдээ авж аавыг нь сэрээлгүй унтуулснаар хэн хэн нь илүү сайн амрах боломжтой.

 

Тусламж ав— Бусад гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдөөсөө тусламж аль болох аваарай. Жишээ нь хүнсний дэлгүүрээс хэдэн юм захих, том хүүхдүүдээ хэдэн цаг харуулах, хоол хийлгэх бэлдүүлэх зэрэг зүйлс байж болно. Нялх хүүхдийг нь хэдэн цаг аваад өгвөл та хэдэн цаг ч болтугай унтаж амрах эсвэл гадуур гарах, дасгал хийх боломж өөртөө гаргаарай. Хэсэгхэн зуур сэтгэлээ онгойтол хамт юм ярих хүнтэй байх нь хүртэл амралт болж чаддаг. Тусалъя гэж байгаа хүмүүсээс тусламж аль болох аваарай. 

 

Төлбөртэй тусламж— Танд боломж нь байгаа бол хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, цагийн гэрийн асрагч гэх үйлчилгээнүүдээс аваарай. 

 

Хамт нэг өрөөнд, оронд унтах — Зөв аюулгүй нөхцөл нь бүрдсэн бол хамт нэг өрөөнд унтах нь эхний хэдэн сард хэн хэнд нь илүү сайн нойр авахад тусалдаг. Ээжээсээ хол байхыг хүсдэггүй, их уйлдаг хүүхдүүдэд хамт ойрхон шөнөдөө унтах нь илүү тайван байлгадаг. Шөнөдөө нэг өрөөнд унтах нь хүүхэдтэйгээ диван дээр эсвэл сандал дээр тэврэнгээ унтсанаас хамаагүй эрсдэл багатай. Аюулгүй байдлыг нь ямар ч тохиолдолд нэгдүгээрт тавьж үргэлж сонор сэрэмжтэй байгаарай. 

Энэ үе ч гэсэн өнгөрнө — Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл дээрддэг, ялангуяа бага сартай жоохон хүүхдүүдийн энэ үе. 4 сар гарсны дараа уйланхай хүүхдүүд арай дээрдэж эхэлдэг. Өдрийн унтлага болон шөнийн унтлагын хуваарь нь илүү тодорхой болж, ямар нэгэн sleep train хийх боломжтой болж эхэлнэ. Өдөр хоног өнгөрөхгүй байгаа юм шиг санагдаж байгаа ч өдөр өдрөөр таны хүүхэд өөрчлөгдөж, илүү ихийг ойлгож эхэлж байдаг учир энэ хэцүү үе мөн өдөр өдрөөр дээрдэж байгаа гэдгийг үргэлж санаарай.

 

 

 

0-3 сартай хүүхдийн нойрны сургалт

Share