Хүүхдээ уйлуулахгүйгээр унтуулж сургаж болдог уу?
Би хүүхдээ уйлуулахгүй унтуулж сургаж болох уу?
- Оршил
- Уйлахын тухай
- Өөрийгөө тайвшруулах тухай
- Уйлахгүй өөрийгөө тайвшруулах арга
- Нэмэлт мэдээлэл
Хүүхэд өөр өөрийгөө унтуулж сургах эсвэл өөрийгөө тайвшруулж сурах нь сайн нойрсохын гол хүчин зүйл байдаг. Гэхдээ унтуулж сурах гэдэг нь хүүхдийг уйлуулж сургах гэсэн аргачлалтай хамт энд тэндэхийн мэдээллийн сувгуудаар яригдах нь элбэг болсон.
Гэхдээ заавал тийм байх албагүй гэдгийг тодруулмаар байна.
Бид нойрны тухай мэдлэгээ илүү хөгжүүлснээр хүүхдийн ялангуяа нярай нялх хүүхдийн нойрны мөчлөг онцлогтой зохицсон мөн гэр бүлийн онцлог хүүхдийн зан араншингаас хамааран уйлахгүй унтуулж сургах аргачлалууд хэрэгжүүлэхэд хялбар байдаг.
Гэхдээ эхлээд хэдүүлээ уйлахын тухай сайн ярилцъя.
Уйлах гэж юу вэ?
Нялх хүүхэд, ер нь том хүүхэд ч, олон шалтгаанаар уйлдаг. Зөвхөн муу юм болохоор л уйлдаг биш шүүдээ, энийг та ч сайн мэдэж байгаа. Заримдаа хэт ядарсандаа, өлссөндөө, даарсан, халууцсандаа, уйдсан, цочсон гэх мэт олон шалтгаанаас уйлдаг. Хүүхэд томчуудтай уйлах аргачлалаар л харьцдаг. Ээж аав нар хүүхдийнхээ яаж уйлж байгааг сүүлдээ сайн таньсан байдаг. Ингэж уйлахаар өлсөж байнадаа эсвэл ингэж өмнө уйлж байгаагүйдээ яасан юм болоо? Гэх мэт.
Хүүхдийн уйлагнаад байх хамгийн том шалтгаан нь ихэвчлэн хэт ядарснаас байдагийг та мэдэх үү? Унтлагын хооронд хэт удаан сэрүүн байснаар, дутуу сэрсэн гэх мэт асуудлаас болж кортисол хэмээх стресс гормон ялгарсан байдаг. Тиймээс их уйлах нь ойлгомжтой. Кортисол гормон их байснаар эсрэгээрээ унтахдаа тайвширч сайн амарж чаддаггүй. Сонин байгаа биз? Унтахаасаа ядарсан байдаг гэх юмуудаа.
Нойр болон уйлах тухай ярьж байгаа дээр, хүүхэд хэт ядарснаасаа уйлах нь ганцаараа унтаж сурахгүй гэж эсэргүүцлийн уйлалтаасаа өөр байдаг бөгөөд илүү стресс үүсгэх магадлалтай. Хэт ядарсан уйлалт нь ихэвчлэн удаан үргэлжилдэг бөгөөд орой болгон энэ асуудал шийдвэрлэгдэхгүй бол улам их уйлдаг болдог.
3 төрлийн уйлалт байдаг:
- Эсэргүүцэж уйлах: Их зорилготой чанга уйлах. Ер нь бол уйлахаасаа илүү загнаж байгаа юм шиг сонсогддог. Дургүй зүйлийг нь хийснээр уурлаж уцаарлаж байгаа уйлалт юм.
- Уйлах нь чангарах, ихсэх: Энэ бол ямар нэгэн юм болохгүй, таагүй зүйлээс болдог. Ихэнхдээ уйлалт улам чанга болж, эрчимтэй хүч авдаг. Хэт ядарсны уйлалт бол иймэрхүү байдаг.
- Уйлах нь багасах, намжих: Энэ уйлалт, гингэнэх нь аажим аажмаар намддаг, уйлах хоорондын зай нь ихсэж, хүч нь суларч эхэлдэг. Хүүхэд өөрийгөө тайвшруулж байгаа арга.
Хүүхэд унтуулах аргуудын тухай сонсож уншихаар хүүхэд нь хэдэн цагаар орондоо уйлсан гэдэг. Ихэнх тохиолдолд ээж аав нар нь өдрийн унтлагын тухай огт бодолцохгүй шууд шөнийн нойрыг нь “засах” гэж эхэлдэг. Энэ яагаад буруу вэ гэхээр хүүхдийнхээ насанд нь тохирсон унтлагын цагуудыг баримтлаагүй, хөгжилд нь тохирсон сэрүүн цагуудыг нь анхаараагүй бол ямар ч тохиолдолд уйлуулахгүй хүүхдийг унтуулж сургана гэж бараг байхгүй. Яаж ч уйлуулахгүй аргачлал хэрэглээд нэмэргүй бөгөөд сайнаасаа илүү сөргөөр нойронд нь нөлөөлөх магадлалтай.
Тэгэхээр бид яаж хүүхдээ бага уйлуулж, хүүхдэдээ сөргөөр нөлөөлөхгүй унтуулж сургах вэ? Хүүхдээ унтахад бэлэн болгох бүхий л аргаар хичээж бэлдэх. Энэ нь:
- Хүүхдийнхээ насанд тохирсон хуваарийг дагах. Ингэснээр хүүхдээ хэт ядраахгүй бас нойр нь хангалттай хүрсэн байх
- Сүүгээ эсвэл хоолоо зөв зохистой цагуудаар идэж уусан байх. Энэ нь нойртой маш чухал холбоотой байдаг.
- Хүүхдийнхээ унтаж байгаа орон зайг анзаарах.
Эдгээр аргуудыг хэрэгжүүлж анхаарч эхэлснээр та аль хэдийнээ сайн нойртой болох аяллын 50%-д нь хүрсэн байна гэсэн үг.
Өөр өөрийгөө тайвшруулах, унтуулах тухай
Өөр өөрийгөө унтуулах гэдэг нь хүүхэд ямар нэгэн том хүний оролцоогүй унтаж сурсан байхыг хэлдэг. Ихэнх хүүхдүүд мээмээ идэж, бүүвэйлүүлж, тэврүүлж унтдаг. Таны хүүхэд магадгүй та хажууд нь байхгүй бол унтдаггүй эсвэл зөвхөн гадаа тэргэн дээр унтдаг байж болно. Эдгээр том хүнээс хамааралтай унтахыг Нойрны Холбоосууд гэж нэрлэдэг. Танаас хамааралтай холбоос байвал, хүүхэд өөр өөрийгөө унтуулж сурахад эсрэгээр нөлөөлж байнаа гэсэн үг.
Гэхдээ муу зүйл бол биш шүү. 4 сар хүрээгүй хүүхдүүд угаасаа буцаж унтахын тулд бидний туслалцаа хэрэгтэй байдаг. Мөн таны хүүхэд таны оролцоо хэрэгтэй ч сайн шөнөжин унтдаг эсвэл та шөнө тэдний байн байн сэрэхийг нь тоодоггүй бол ямар ч асуудалгүй шүүдээ.
Харин…таны бяцхан үр шөнийн турш 2 цаг буюу түүнээс бага хугацаанд байн байн сэрэх (ялангуяа 1 ойгоос дээш) энэ нь танд болон таны хүүхдэд сөргөөр нөлөөлж, нойрны өрд орж, гэр бүлийн уур амьсгалыг эвдэж байгаа бол та ямар нэгэн шийдэлд хүрэх цаг болсныг ойлгох хэрэгтэй. Хүүхэд өөрөө унтаж сурмагцаа тэр дороо өдрийн унтлага нь илүү сайн болж, мөн шөнө их сэрэх нь эрс багасдаг нь батлагдсан байдаг. Нойрны 1 мөчлөгөөс дараагийн мөчлөгрүү шилжихдээ заавал таны оролцоо хэрэггүйгээр өөрөө буцаад үргэлжлүүлээд унтаад сурж байгаагийн шинж.
Ер нь бол хүүхэд байгалиасаа угаасаа унтаж мэднэ, унтах бол хүний биологийн хэрэгцээний маш том хэсэг харин хүүхэд биеэ дааж унтаж сурах гэдэг шал өөр асуудал байдаг.
Уйлуулахгүй сургах арга олон аргууд байдагийн нэгийг нь тайлбарлая.
Уйлахгүй өөрийгөө унтуулж сурах арга
Таны хүүхэд насанд нь тохирсон өдрийн хэв маяг хуваарьтай, зөв зохистой цагуудад унтаж хооллодог болсон бол орой унтаж сурах аргачлалыг эхлэхэд бэлэн болсон байна гэсэн үг.
Нэг юм та байнга санах хэрэгтэй. Биеэ дааж унтаж сурна гэдэг бол таны хүүхдийн сурч байгаа цоо шинэ зүйл гэдгийг. Энэ сурсан чадвар нь таны хүүхдэд болон танд ирээдүйд маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг байнга санах хэрэгтэй шүү. Тиймээс энэ аялал нь заримдаа удаан үргэлжлэх нь элбэг байдаг, нэг шөнийн дотор үр дүн хүсээд байдаг ээж аав нар шиг байж болохгүй шүү. Ямарваа нэгэн амьдралд нь хэвшсэн зуршлаа болих хүүхдэд байтугай том хүмүүст хүртэл маш хэцүү байдаг шүүдээ.
Хүүхдийнхээ нас болон хөгжлийн мөчлөгүүдийг сайн анхаарч хүндлэх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр шинэ зүйл сурахад нас нь бага байх тусмаа хурдан байдаг бол арай том болсон хүүхэд илүү удаан байдаг шүү. 6 сартай хүүхэд мэдээж 2 ойтой хүүхдээс тэс ондоо байхыг анхаарах. Маш тэвчээртэй, тууштай байх нь чухлаас гадна та хүүхдээ сайн дэмжиж, мөн уян хатан байх нь хамгаас чухал. Энэ нь та хүүхдэдээ болон өөртөө тавьсан босгоо хэт өндөр тавихгүй байх, зорилгоо арай бодит байдалруу буулгах хэрэгтэй болдог. Таны найзын хүүхдээс таны хүүхэд арай удаан сурч байж болно, зарим нэг ганц орой та хүүхдээ бүүвэйлээд унтуулмаар байсан ч бас болно шүүдээ.
Ер нь уйлуулахгүй байх арга нь (Pick up put down) бол хүүхдээ унтах ёстой үед нь яаж ийж байгаад л унтуулахыг чухалчилдаг, харин тэр унтуулж байгаа нойрны холбоосын аргаа (хөхүүлэх, бүүвэйлэх, угжих…) бага багаар болих нь хамгийн зөөлөн арга бөгөөд гол нууц нь энэ. Маш энгийн байгаа биз? Одоо арай нарийвчлан авч үзэцгээе:
Sleep training -ээ эхлээд хүүхдийнхээ өдрийн унтлагын эхэнд болон орой унтах үед нь хэрэгжүүлэх нь зүйтэй (Шөнө дундын сэрэлт дээр арай болоогүй).
Алхамууд:
- Хүүхдийнхээ живэхийг солиод, харанхуй, бүдэг гэрэлтэй өрөөндөө ороод унтлагын хувцас эсвэл өлгийнд нь хийх, зөөлөн долгион чимээгээ асаах (white noise).
- Одоо бүүвэй хийх цаг болсон шүү гэх мэт байнга унтахдаа хэлдэг өгүүлбэртэй болох
- Унтуулахын тулд хийдэг бүх үйлдлээ хийх, хөхүүлэх, угжих, бүүвэйлэх гэх мэт. Хариуган унтахын даваан дээр болих.
- Тэгээд оронд нь сэрүүнээр нь тавих. Яахыг нь ажиглаарай.
- Зарим хүүхдүүд тэгээд тэр чигээрээ унтдаг.
- Унтаагүй хирнээ уйлахгүй бол битгий оролцоорой. Магадгүй таны хүүхэд жоохон сэрүүн байж байгаад унтах ч юм билүү. Зарим хүүхдүүд өөр өөртэйгөө ярьж байгаад эсвэл өнхөрч эргэлдэж байгаад унтдаг.
- Хэрвээ уйлаад эхэлбэл зөвхөн гараараа зөөлөн хүрээд тайвшруулах үгс хэрэглэх. Бүүр уйлаад байвал авч болно. Уйлахгүй болтол нь тайвшруулаад дахиад яг унтахаас нь өмнө буцаад орон дээр нь тавих.
- Гол зорилго нь яг нүдээ аниад унтах тэр үеийг өөрөөр нь хийлгүүлэх, мөн хаана хэвтээд унтаж байгаагаа хүүхэд ойлгосон байх ёстой. Таны гар дээр биш, мээмээ идэж биш, угжтайгаа биш…
Хамгийн чухал хэсэг нь таны хүүхэд өөрийнхөө орон дээр унтаж сурах, тэр нь өөрийнх нь ор байж болно эсвэл хамт унтдаг бол таны ор байж болно. Энд хэвтэхээр унтдаг шүү гэдгийг ойлгох нь хамгаас чухал, тань дээр биш, тэргэн дээр биш гэх мэт.
1,2 хоногоор хүүхдээ уйлахаар нь тайвшруулах аргаа бага багаар болих, мөн хүүхдээ илүү сэргэг байхад нь орон дээр нь тавих, хагас дутуу нойрмог биш. Та тайвшруулж болно гэхдээ өөрөөр нь унтаж оролдох боломжийг нь бас бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд маш хурдан сурдаг шүү. Та тууштай бас мэдрэмжтэй хандсанаар таны хүүхэд ямар хурдан ойлгож шинэ зүйл сурдгийн та харах болно.
Хүүхдээ унтуулж сургаж байгаа энэ үед ганц нэг удаа таны гар дээр унтчихвал зүгээр шүү. Сандрах, бухимдах хэрэггүй. Бүх хичээл зүтгэл будаа болчихлоо гэж бодсоны хэрэггүй, харин дараагийн удаа тэгэхгүйг хичээхэд л болно.
Анхандаа шөнө сэрэхэд угаасаа буцаж унтуулж байсан аргаа хэрэглэнэ. Мөн өдрийн унтлагыг нь арай удаан болгохын тулд хөхүүлэх ч юм уу. Энэ бол зүгээр. Өдрийн унтлагын эхэнд мөн оройн унтлагын эхэнд өөр өөрийгөө унтуулаад сурчхаар хүүхэд яваандаа шөнө өөр өөрийгөө бас унтуулаад сурчихдаг шүү. Гэхдээ сурсан ч хүүхэд өлссөндөө сэрдэг хэвээрээ байдаг болохоор хүүхдийнхээ насанд тохируулаарай.
Та энд дарж манай сургалтуудаас хүүхдийн нойрны онцлог болон унтуулж сургах аргуудын тухай бүрэн мэдээлэл авч ойлголоттой болоорой.
Таны хүүхэд өөрөө унтаж сурсан тэр мөчөөс хойш таны нойрны аялал тэс ондоо болох болно. Тиймээ таны хүүхдийн хөгжлийн том том үеүд болон шүд гарах гэх мэт олон нойр тасалсан багийн алуурууд тулгарах ч гэлээ өөрийгөө унтуулж сургасан бат бөх суурьтай хүүхэд бас энийг нь ойлгож хэрэгжүүлсэн та 2 ямар ч бэрхшээлийг давж чаддаг болсон байдаг шүү.
Танд амжилт хүсье. Хэрвээ танд ямар нэгэн асуух зүйл байвал бидэнтэй холбоо бариарай.
Сайн байна уу? Миний бие анхлан төрөгч ба яг л энэ нойрны асуудал тулгараад байгаа юм аа. Хүү маань одоо 6 сартай. Бага сартай байхдаа сайн унтдаг байсан. Зөвөлгөөгөө харамгүй хайрлаарай. Баярлалаа