Хүүхдийн нойрны тухай мэдлэгээ тэлцгээе. Sleeposium 2022 Сэдэв 1: Хэлний богино хөвч ба нойр

 
Хүүхдийн нойрны тухай цахим хурлын эхний сэдэв нь энэ байлаа. Та бүхэнд хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллээс нь хүргэх зүгээс аль болох товчлохыг хичээлээ. Гэхдээ энэ бол бүхэлдээ маш том бөгөөд чухал сэдэв юм байна. Нэг постоор ингэж оруулаад дуусахааргүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад хүртэл энэ Tongue tie/ ancyloglossia (хэлний богино хөвч эмгэг) нь судлагдсаар байгаа ч энэ талаар яг тултал нь мэргэшсэн эмч, мэс засалч нар ховор байдаг юм байна.
 

TONGUE TIE ГЭДЭГ НЬ ЮУ ВЭ?

Та бүхэн доорх зургаас харах юм бол хүний хэл 3 хэсэгт хуваагддаг. 1/3 нь blade буюу урд үзүүр хэсэг (anterior), 2/3 нь дунд болон төгсгөл хэсэг (posterior) гэж хуваагддаг. Хэлний хөвч (lingual frenulum) гэдэг нь хэлний доор байрладаг туузан хальс бөгөөд үүний бүтэц, байршил, урт богино нь ямар байхаас хамаараад tongue tie мөн эсэх нь оношлогддог.
Том хүн болон хүүхдийн хэл чөлөөтэй хөдөлж дээшээ 90 градус босох чадвартай байх ёстой. Унтаж байхдаа хэл үргэлж тагнайдаа наалдсан байрлалтай байдаг. Унтаж байхдаа ч гэлтгүй та одоо өөрийгөө ажиглах юм бол таны хэл тагнайруугаа наалдсан байдалтай байгаа биз?
Та ЯВНА, ИРНЭ гээд хэлээд үзээрэй. Сүүлийн /Н/ үсэг дээр хэлний байнгын зөв байрлал байдаг /resting place/. Бид унтаж байхдаа, юм яриагүй, юм идээгүй үед хэл үргэлж энэ байрлалд байх ёстой. Энэ бол хүний үндсэн /хэвийн/ анатоми юм.
Хэл яг тагнай дээр байрласнаар тагнайн U хэвийг гаргаж өгдөг, хүний гавлын зөв бүтэц бий болоход тусалдаг. Та бүхэн доорх зурагнаас харвал тагнайн хэвийн бус бүтэц нь V хэлбэртэй байна. Хэвлийд анх ураг бүрэлдхээс авахуулаад хэл энэ үүргээ гүйцэтгэж эхэлдэг ажээ. Эргээд энэ нь шүд зөв ургахад нөлөөтэй мөн хэл ярианы хөгжилд асар том үүрэг гүйцэтгэдэг байна. Бага насны, бага сартай хүүхдүүдийн бор хоолонд ороход их ач холбогдолтой бөгөөд том болсон ч зөв зажлах, залгих зэрэгт нь нөлөөлсөөр байдаг.
Хүний хэл дээр тагнайд байрлахын маш чухал үүрэг нь бол хүний амьсгалын замыг чөлөөлж өгч байдаг. Ялангуяа нярай, бага сартай хүүхдийн гавлын яс болон амьсгалын замын бүтэц нь том хүнийхээс хамаагүй илүү уян зөөлөн байх, хүзүү толгойн булчин гүйцэд хөгжөөгүй учир амьсгалын зам чөлөөтэй байх нь асар чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
 

ХАРИН TONGUE TIE-ТАЙ ХҮҮХДИЙН ХЭЛ НЬ ҮРГЭЛЖ ДООШОО БАЙРЛАСАН БАЙДАГ.

ХЭЛ ДООР БАЙРЛАСНААР ЗӨВХӨН НОЙРОНД ГЭЛТГҮЙ ӨӨР ЯМАР СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?

 

  • Амьсгалын замын сувгийг хаачихдаг учир ам нь үргэлж онгорхой унтдаг (Mouth breathing). Бид үргэлж хамраараа амьсгалж байх хэрэгтэй, тэгснээр илүү их хэмжээний хүчил төрөгч авч филтертай агаар уушигруу очдог. Хамраар амьсгалсан агаар нь бидний хамраас ялгардаг Nitric Oxide бодистой холилдож /чанартай/ агаар болж хувирдаг. Харин амаар амьсгалсан агаар хэд дахин хүчил төрөгч бага /чанаргүй/ агаар болдог бөгөөд нэг сөрөг үр дагавар нь хоолойн махыг ачаалуулж, үрэвсүүлдэг байна.
  • Амьсгалын замын сувгийг хаадаг учир байн байн сэрдэг
  • Амьсгалын замын сувгийг хаадаг учир чанартай нойр авах боломжгүй болж хэт ядралтанд ордог, тархи & биед асар чухал нөлөөтэй гүн нойрны төвшинрүү шилжиж орж чаддаггүй
  • Сүүгээ (хөхөөр, угжаар) хангалттай авч чаддаггүй. (Хүүхдийн хэл давлагаалсан маягаар хөдөлснөөр хүүхэд хөхөө зөв амладаг, бас сүүгээ илүү сайн уудаг. Сүүгээ уухын зэрэгцээгээр давхар амьсгалын суваг чөлөөтэй байж чаддаг. Харин Tongue Tie-тай хүүхдийн хэл нь зөвхөн урагш хойш хөдөлгөөнд хязгаарлагдаж, хөхөө дутуу амлаж, дутуу сүүгээ уудаг. Мөн үүний хажуугаар маш их агаар залгиж, хахаж цацаж гэдэсний дүүрэнгийн асуудлыг дордуулдаг. Дутуу амласнаар хөхөнд ямар их өвдөлт өгдөг сөрөг нөлөөтэйг хөхүүл ээжүүд бүгд мэдэж байгаа бизээ)
  • Хэвийн үеэс илүү хахаж, цацах, огих, бөөлжих
  • Хоолны дуршил муу, хоол идэхдээ асуудалтай, бөөлждөг, огидог (3,4 ой хүрсэн ч)
  • Зөв хооллож чадахгүй учир жин бага нэмдэг, өлссөнөөс болж байн байн сэрэх
  • Хүүхэд томрох тусам энэхүү буруу хэлний байршил биеийн ерөнхий бүтцэд нөлөөлж, илүү бөгтийх маягтай болдог, толгой нь үргэлж урагшаа тонгойсон байх, шүдний ургалтад сөргөөр нөлөөлдөг
  • Нойроо дутуу авч, сайн унтахгүй явсаар хүүхдийн ерөнхий зан ааш, анхаарлын чадварт маш сөргөөр нөлөөлдөг. Зарим тохиолдолд ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж оношлогддог
  • Нойрны асуудалтай хүүхэд шөнө шүдээ хавирах зуршилтай болох, хэвийн үеэс илүү тонгочиж унтах, ор хөнжлийн даавуугаа нортол хөлрөх, орондоо шээх, үргэлж хар дарж зүүдлэх (Хүн унтахад бүх булчин сулардаг, хэл нь тагнай дээрээ байрладаггүй tongue tie-тай байхаар хэл нь унтах үед нь арагшаагаа амьсгалын сувагруу унжиж байрладаг. Тэгэхээр хүний тархи бие дээрх шинж тэмдгүүдээр өөрийгөө хамгаалхын тулд нойроо сэргээж амьсгалын замаа чөлөөлж байдаг юм.)
 

ТЭГЭХЭЭР ХҮҮХДЭЭ ЯАЖ TONGUE TIE -ТАЙГ ОЛЖ МЭДЭХ ЭНГИЙН АРГУУДЫГ ХУВААЛЦЪЯ:

 

Та доорх шинж тэмдгүүдэд өөртөө тийм, үгүй гээд хариулаад яваарай:
  • Хамгийн хурдан мэдэх арга бол хүүхдээ унтаж байхад нь эрүүг нь зөөлөн доош нь болгохоор хэл нь ямар байрлалтай байгааг харах. Дээшээ тагнайн дээр байрласан байх ёстой. Таны хүүхдийн хэл нь доор байна уу? 
  • Tongie Tie-тай хүүхэд уйлж байхдаа хэл нь аяга шиг хэлбэрт ордог. Дундаа хонхойсон маягтай. Доорх зурагнаас харна уу.
  • Ам нь үргэлж онгорхой унтдаг, сэрүүн үедээ ч ам нь үргэлж онгорхой байдаг. (Хамар нь битүү биш, ханиадны харшлын шинж тэмдэггүй үед гэдгийг анхаарна уу. (Mouth breathing))
  • Их хэмжээгээр, чангаар хурхирдаг. Хааяа биш ихэнх үед.
  • Шөнө унтаж байхдаа байн байн амьсгал нь боогдож, хахаж сэрдэг.
  • Дээрх шинж тэмдгүүд дээр нэмэлтээр шөнө муу унтдаг, байнга сэрдэг, босдог, их тонгочдог, нэг л тайван бус байдаг. Нам унтдаггүй (Tongue tie байхгүй хүүхэд ч ингэдэг учир бусад шинж тэмдгүүдээ давхар анхаараарай)
  • Дээрх шинж тэмдгүүд дээр нэмэлтээр маш их хөлөрдөг, хар дарж зүүдэлж сэрдэг
  • Сэрүүн үедээ гэдэсний дүүрэнгийн асуудал нь намждаггүй, том сартай болсон ч хэвээрээ байх
  • Сүүгээ сайн ууж чаддаггүй, хахаж цацаж огьж бөөлжих (хааяа биш ер нь л хөхөх, угж идэх болгондоо)
  • Хөхөө том болсон ч зөв амлаж чаддаггүй, буулиараа байнга имрэх, хазах
  • Хөхүүлдэг ээжүүдийн хувьд хөхний толгой нь үргэлж өвдөх, цус гарах, шархалсан байх, эдгэдэггүй. Гүйцэд хөхүүлэхгүй улмаас хөх нь хавдаж, идээлэх. Сүүний гарц эрс муудах.
  • Хөхөж угжаа ууж байхдаа чаг чаг гэж дуу гаргах (clicking sound)
  • Хэлний ар талд нь их хэмжээний сүүний өнгөр хуримтлагдсан
  • Том хүүхдүүдийн нүдний доор их хэмжээний хөх туяа татсан байх
  • Зан ааш хэвийн бус, байнгын хөдөлгөөнтэй, тайван байдалд байдаггүй, чимээ дуу шуугианд эмзэг, уур уцаар ихтэй, анхаарал төвлөрдөггүй (hyperactivity, ADHD-like symptoms)
  • Толгой нь доошоо уруугаа тонгойсон байрлалтай, бөгтийх
  • Бүхэл хоол, бор хоолондоо үргэлж хахдаг, залгиж чаддаггүй, бөөлждөг, хоолны дуршил маш муу, бага жинтэй
  • Дээрх шинж тэмдгүүд дээр нэмээд унтаж байхдаа үргэлж шүдээ хавирах, орондоо шээх, хар дарах, орилж босож ирэх (том болсон хүүхдүүд, 2 ойгоос дээш)
Сануулга: Эхний 3 шинж тэмдэг дээр та тийм гэж хариулсан бол таны хүүхэд tongue tie-тай байх магадлал өндөртэй байна. Харин та эхний 3 шинж тэмдэг дээр үгүй гэж хариулсан ч бусад шинж тэмдгүүд таны хүүхдэд илэрдэг бол Tongue tie биш өөр шалтгаан байж болно. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо маш чухал шүү ээжүүдээ.
 

ТЭГВЭЛ TONGUE TIE ЯАЖ ЭМЧИЛДЭГ ВЭ?

Шууд хагалгаа гэхээс өмнө бүрэн оношилгоо хийх хэрэгтэй байдаг. Functional tongue tie буюу хэвийн амьдралаар үргэлжлэх боломжтой хэлний богино хөвч байж болдог.
Амьсгалын зам, нойр, хооллолтод нь их хэмжээний сөргөөр нөлөөлөөгүй нас бие гүйцсэн хүмүүс зөндөө байдаг. Харин үнэхээр эмчилгээ, хагалгаа шаардлагагүй тохиолдлууд байсан уу эсвэл өөрсдөө энэ амьдралдаа /survival instinct/ -аар бага насандаа хүчээр дасан зохицсон сурсан уу гэдгийг нь бол нас бие гүйцсэн хүмүүст нарийн тодорхойлох боломжгүй байдаг.
Тусгай эмчийн оношилгоогоор зөвхөн үзлэг хийхээс гадна заавал нэмэлтээр тухайн хүүхдийн амьдралын хэв маяг, хэмнэл (нойр, хооллолт), асран хамгаалагчаас нарийн асуумж авах зэрэг олон төрлийн үе шаттайгаар хагалгаа хийх шаардлагатай шаардлагагүйг шийддэг байх нь.
 

FRENOTOMY БУЮУ ХЭЛНИЙ БОГИНО ХӨВЧ СУЛЛАХ МЭС ЗАСАЛ

Хэрвээ хагалгаа шаардлагатай бол 3 үе шатаар явдаг. Үүнд үндсэн хагалгаа, хагалгааны дараах дасгал сунгалт болон эмчилгээ, үзлэг.
Хагалгаа хийгээд л дуусдаг зүйл биш ажээ, хагалгааны дараа хэл шууд дээшээ байрлалруу автоматаар ордог ч гэлээ, үргэлж доор байрладаг байсан хэлний болон түүний эргэн тойрны булчингуудыг суллалж, дасгах хэрэгтэй байдаг учир bodywork therapy буюу хэлний дасгал, сунгалтуудыг эцэг эх нь байнга хийх хэрэгтэй байдаг юм байна. Харин яг зөв хийж байгаа эсэхийг нь хагалгааны дараах үзлэгүүддээ эмч нь үргэлж хянаж зөвлөж зааж өгөх ёстой. Хэрвээ энэхүү хэл, амны хөндийн болон нүүр хүзүүний дасгал сунгалтуудыг зөвөөр тогтмол хийхгүй бол хагалгааны дараах шарх нь буруу эдгэж эргээд tongue tie юм шиг эдгэдэг байх нь.
 
Dr. Sigal -ийн үзүүлэлтээр tongue tie -тай байсан хүүхдүүдийн 95-99% нь хагалгааны дараа 1 долоо хоногийн дотор шууд эерэг үзүүлэлтүүд гаргасан байна. Үүнд:
  • Илүү сайн унтдаг болсон (Ам үргэлж хаалттай, хамраараа амьсгалдаг болсон, бат бөх унтаж эхэлсэн)
  • Хоолны дуршил эрс сайжирсан
  • Хэл ярианы хөгжил шууд сайжирсан
  • Зан ааш төлөвийн хувьд шал өөр хүүхэд мэт болсон (Гүн нойронд орж сайн унтсантай холбоотой)
Үлдсэн 1-5% нь tongue tie-аас гадна давхар өөр эмгэгтэй, суурь өвчин, нойр болон хоол боловсруулах асуудалтай байсан байна.
 

ЯАГААД TONGUE TIE БОЛДОГ ВЭ?

Энийг одоо хүртэл баталгаажуулж судлаагүй байгаа юм байна. Удамшлын байж болзошгүй мөн хүүхдийн хэвлийдэх амьдрал, байрлал их чухал ач холбогдолтой байж болно гэж үзжээ. Төрөх үед хүүхэд нь breach position (толгой нь доошоо хараагүй байрлалтай), тоног төхөөрөмжийн туслалцаатай төрсөн (suction), c-section, өөр ямар нэгэн хүндрэл гарсан бол нөлөөлсөн байх магадлалтай гэж таамаглаж байгаа.
Хэвийн тээлттэй, tongue tie удам байхгүй байсан ч ийм эмгэгтэй хүүхдүүд маш их байдаг нь судалгааны ажлыг төөрөгдүүлж, удаашруулж байгаа ажээ. Tongue tie нь маш түгээмэл байдаг эмгэг бөгөөд эмч нарийн анхаарлыг хэр баргын татаад байдаггүй яагаад гэвэл бусад хүүхдийн хүнд хэлбэрийн амь насанд эрсдэлтэй өвчин эмгэгийг бодвол хөнгөндөө тооцогддог. Гэхдээ хүүхдийн хэвийн өсөлт бойжилт, зан ааш, эрүүл саруул сэтгэхүй, цаашдын боловсрол амьдралын чанарт мөн тухайн гэр бүлийн уур амьсгал, аз жаргалтай амьдралд асар их нөлөөтэй эмгэг учир энэ талаар мэдээлэл өшөө илүү түгээмэл байж олон хүүхдийн эмч, судлаач, багш, арга зүйч нарт мэдээлэл хүргэхийн төлөө Dr. Sigal зүтгэсээр байгаа.
Дэлхий даяар хүүхэд дөнгөж төрмөгц стандарт хийдэг эрүүл мэндийн үзлэгт нь энэхүү Tongue Tie эмгэгийг нарийн шалгаж оношилдог байгаасай гэж тэр зүрх сэтгэлээсээ хүсэж үүний төлөө тэмцэж байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Миний хувьд бол санал 110% нийлж байна. Хэрвээ ийм шалгадаг стандарт бий болох юм бол маш олон гэр бүл, хүүхдүүдийг энэ эмгэгээс үүдэлтэй олон асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Тэр хэлэхдээ ихэнх гэр бүлүүд хүүхдээ tongue tie-тай байна гэж мэдэхгүй маш олон сар, жилүүдийг хэцүү өнгөрөөдөг. Хүүхэд нь угаасаа ийм л хэцүү төрлийн хүүхэд юм байна, юм ярьдаггүй, юм иддэггүй, унтдаггүй, бүх юманд уурладаг, уцаарладаг хүүхэд гэж хүлээн зөвшөөрөөд удаан явсан байдаг.
Зарим тохиолдолд энэ талаар нарийн мэргэшээгүй эмчид үзүүлж дутуу хагалгаанд орсон хүүхдүүд өөр дээр нь ирдэг гэжээ.
Хамгийн эхний зурагнаас харахад хэлний Anterior буюу урьд хэсэгт байрласан tongue tie эмгэг нь ямар ч хүний нүдэнд хамгийн ил тод харагддаг хувилбар нь. Харин Posterior буюу хэлний арын tongue tie нь хэр баргийн мэргэжилтэн, эмч нар оношилж чаддаггүй гэж Dr. Sigal хэлжээ. Өөр дээр нь ирсэн маш олон хүүхдүүд дутуу хагалгаанд орсон байдаг энэ нь anterior tongue tie дутуу зүссэн, posterior tongue tie дутуу зүссэн, хагалгааны дараах дасгал сунгалт, эмчилгээ хийгээгүйн улмаас дээр дурдсан сөрөг үр дагаврууд хүүхдүүдийн амьдралд нь хэвээрээ байсан байна. Түүний оношилж үзэж хагалгаанд орсон хүүхдүүдийн 90% хувь нь Posterior tonguе tie оноштой байжээ.
 
Dr. Alison Sigal
Pediatric Dentist, Bachelor (Hons) in Kinesiology, Doctor of Dental Surgery, Masters of Science Degree in Pediatric Dentistry
Сэдэв 2: Хүүхдийн нойрны асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргуудын тухай судалгаа. Үр дүнтэй аргууд гэж яг юу вэ? Судалгаа гэдэг нь яг юун дээр үндэслэдэг вэ? Одоогоор гарсан судалгаануудыг нарийн шинжиж ярилцах
 
*****
Би бол мэргэжлийн эмч биш харин хүүхдийн нойрны арга зүйчийн зүгээс хүүхдийн нойронд нөлөөлж болох янз бүрийн нөлөө, эмгэгүүд, асуудлуудын тухай дэлгэрэнгүй судалж ойлгохыг хичээж байгаа юм. Зөв эх сурвалжаас хүүхдийн нойрны тухай өргөн хүрээний, бодит, орчин цагийн мэдээллүүд та бүхэндээ хүргэх нь Sleep Corner -ийн том зорилгуудын нэг юм. Зарим үг хэллэг нь анагаах ухааны хүрээнд зөв биш байвал ойлгоорой 🙏

0 Comments

Submit a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сургалтууд

Зөвлөгөөнүүд

alt=

Share