Хүүхдийн нойрны тухай мэдлэгээ тэлцгээе

 

Sleeposium 2022 Сэдэв 2: Хүүхдийн нойрны асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргуудын тухай судалгаа. Үр дүнтэй аргууд гэж яг юу вэ? Судалгаануудыг нарийн шинжиж ярилцах

 

Илтгэгч: Macall Gordon (Gentle Sleep coach – Masters in Applied Psychology, B.S in Human Biology)
 
 
 
 
 
 
 
 
Энэхүү сэдвийн хүрээнд маш олон зүйл сурч авлаа. Нойрны арга зүйчид зөвлөгөө өгөхдөө эсвэл сургалтдаа байгаа мэдээллүүд нь тодорхой хэмжээнд судалгаа шинжлэх ухааны үндэслэлтэй байх хэрэгтэй байдаг. Бидний өдөр тутмын амьдралд, нийгэмд суурь мэдлэг болсон, сургуулийн боловсролын мэдээллүүд гээд бүх зүйл ямарваа нэгэн баталгаажсан судалгаан дээр суурилсан байдаг. Баталгаажсан судалгаа нь олон судлаачид, мэргэжилтнүүдийн хяналтаар орж баталгаа авсан байдаг (peer-reviewed). Одоо 21-р зуунд бараг л цоо шинэ сэдэв эсвэл онол байх боломжгүй байдаг болсон бөгөөд ямар нэгэн байдлаар өмнө нь судлагдаж байсан гэж үздэг учир заавал өмнөх хийсэн судалгааг дурдаж, ишлэл татаж мэдлэг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Хүүхдийн нойрны сэдвийн хүрээнд маш олон судалгаа байдаг гэхдээ энд Монголчууд бидний хувьд их чухал мэдэх хэрэгтэй зүйл нь юу гэхээр ихэнх судалгааны үндэслэл, хүн амын сорьц нь барууны орны цагаан арьстай гэр бүл хүүхдүүдэд суурилсан байдгийг анхаарах хэрэгтэй.
 
 
 

ЭНЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

 

Монголд гэлтгүй тэр тусмаа тухайн судалгаа хийгдсэн орондоо хүртэл энэ хүн амын сорьц нь асуудал үүсгэдэг. АНУ-д жишээ нь цагаан арьстнуудын амьдралын хэв маяг, орлогын төвшин болон ерөнхий нийгэмд эзлэх статус байр суурь нь өнгөт арьстай гэр бүлүүдээс тэс ондоо байдаг гэж Macall хэлжээ.
 
 
Тэгхээр Монголчууд бид нар энэхүү гадаадын судалгаанууд дээр үргэлж хяналттай, няхуур, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй (critical thinking). Бидний амьдралын хэв маяг, нийгмийн тогтолцоо гэх мэт зүйлүүд шал өөр шүүдээ.
 
 
Хүн амын сорьц дээр судалгаанууд дутагдалтай байхаас гадна хүүхдийн нойртой холбоотой дийлэнх судалгаанууд шинжлэх ухааны хүрээнд статистик тооны үзүүлэлтийн үр дүнг чухалчилж үздэг (statistical significance) бол харин хүний мэдрэхүй зэрэг зүйлийг орхигдуулах магадлалтай байдаг байна (practical significance). Яагаад гэвэл хүний мэдрэхүй, мэдрэмж, зөн совин, хувь хүний зан араншин гэдэг зүйлийг судалгаанд хэмжихэд их хэцүү байдаг бас төвөгтэй байдаг учир онол дэвшүүлэхэд, статистикийн дүгнэлт гаргахад тохиромжгүй байдаг байна.
 
 
Macall хэлэхдээ статистикийн үзүүлэлтээр ач холбогдолтой гарсан үр дүн нь ихэнх үед практикийн хүрээнд ач холбогдолгүй байдаг. Судалгааны ертөнц нь бодит ертөнцөөс шал өөр байдаг гэжээ. Жишээ нь:
 
Хүүхдийг өөрөөр нь унтуулж сургасан нэгэн судалгааны дүгнэлт нь ийм байжээ, /тухайн судалгааны хүрээнд заасан хугацаанд өөрөө уйлж унтаж сурсан хүүхдүүдийн ээж нарын сэтгэл санааны байдал нь сайжирсан/ гэжээ. Харин яг нарийн шинжээд үзэхээр тухайн судалгаа нь тодорхой бүлэг ээжүүдийг сонгож тэдгээрийг тусгай ээж хүүхэд хоёр хамт очих боломжтой сувилалд аваачсан байна. Энэхүү сувилал нь ээжүүдэд маш их анхаарал хандуулж, хоол ундыг нь зөөж, алжаалаа тайлах хөтөлбөрт оролцуулж, сувилагч нар нь хүүхдүүдийг нь унтуулж сургасан. Энэ нөхцөл байдал нь мэдээж гэртээ нэг номоос хүүхдээ унтуулж сургах мэдээллээ авч хэрэгжүүлэх гэж үзэж тарж байгаа ээжээс шал өөр байх нь тодорхой байгаа биз?
 
 
Ер нь судалгааны үндсэн хэдэн хэсгүүд байдаг. Судалгааны ажил бичиж байсан хүн бүхэн сайн мэдэх байх, мэдэхгүй нэг нь энэ тухай өөрсдөө бас судлаад үзэхэд илүүдэхгүй шүү. Тэгхээр дээрх судалгааны аргачлал хэсгийг нь (Procedure/intervention) маш сайн харж шинжих хэрэгтэй байсан байна. Энд би та бүхнийг ямар нэгэн судалгаа дүгнээд суу гэж байгаа юм биш шүү. Би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр юм бүхэн цаанаа нарийн утга учиртай, бүх хүнд нийцэхүйц мэдээлэл байдаггүй, зарим судалгааны ажил нэг талыг илүүд баримталж, судалгаа хийхэд сонгосон аргачлалуудын хувьд бас хүн болгоны амьдралын хэв маяг боломжид тохируулаагүй байдаг гэдгийг ойлгуулах гэсэн юм.
 
 
Судалгааны утга учрыг нь сайн ойлгоогүй байж шууд өөрсөндөө хүлээн авч тухайн судалгаанаас ишлэл татаж авах нь буруу болж байгаа юм. Жишээ нь энэ дээрх судалгааны арга зүй, хүн амын сорьц болон аргачлалыг нь нарийн шинжиж дүгнээгүй улмаас зөвхөн мундаг судлаачдын нэртэй, олон мэдээллийн үндэс болсон нэр төртэй судалгаа гэдэг утгаар нь эмч нар эсвэл нойрны мэргэжилтнүүд БҮХ эцэг эхчүүдэд зөвлөх магадлалтай байдаг. Судалгааны мундаг нэр, огноо, үр дүнг хэлмэгц ихэнх хүмүүс үг дуугүй дагадаг бас хүлээн зөвшөөрдөг гэжээ. Хүмүүс гэдэг нь мэргэжилтнүүд, тэдгээрийн ард байгаа эцэг эхчүүд. Тэгхээр Macall юу гэж хэлэх гээд байна гэхээр хаанаас ямар зөвлөгөө авч байна, тэр зөвлөгөө өгөөд байгаа хүн өөрөө ямар судалгаа эх сурвалжаас мэдээллээ ойлгож авсан байхыг нь үргэлж бодолцож өгсөн зөвлөгөө дээр нь шүүмжлэлтэй хандаж байх хэрэгтэй.
 
 
Ер нь ихэнх баталгаажсан судалгааны үр дүнг нарийн тайлж бүх статистик үзүүлэлтүүдийг нь ойлгож авч тухайн судалгаанд мэргэжлийн дүгнэлт хийж, санаа зөрчилдсөн бол тухайн судалгааны багтай мэтгэлцэхийн тулд тухайн хүнд PhD зэрэглэл шаардлагатай байдаг гэж Macall хэлжээ. Харин энгийн бид яах хэрэгтэй вэ гэхээр ямар нэгэн зөвлөгөө авахдаа хяналттай хандах, шүүмжлэлтэй сэтгэхүйтэй байж, үг дуугүй дагадаггүй сэтгэхүйг өөрсөндөө суулгах хэрэгтэй юм байна.
 
 
Macall энэ лекцээ эцэг эхчүүдэд биш харин нойрны арга зүйчдэд хандаж хийсэн гэдгийг та бүхэн ойлгоорой. Би эндээс та бүхэнд юу гэж ойлгуулмаар байна гэхээр хүүхдийн нойрны тухай хийгдсэн хамгийн мундаг судалгаанууд, тухайн судалгаанаас үндэслэн гарж ирсэн хүүхдээ унтуулж сургах зөвлөмжүүд нь бүгд яг 100% баттай биш, төгс биш байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм.
 
Хүүхдийн нойрны тухай судалгаа ер нь анх яаж гарч ирсэн юм бэ гэдгийг эхлээд мэдэх их чухал санагдсан. 1920-оод онд хүүхдийн нойрыг шийдвэрлэх аргачлалууд Behaviorism гэдэг философиос үүсэн гарч ирсэн юм байна. Зан үйлийн онол буюу behaviorism нь хүүхдийг энэ хорвоод мэндлэхдээ цав цагаан цаасаар дүрсэлдэг тэгээд сурч байгаа бүх зүйл нь зөвхөн гаднын хүчин зүйлээс хамаардаг гэдэг. Хүүхдийн нойрны тухай БҮХ судалгаа нь энэ онол дээр суурилсан байдаг бөгөөд хүүхдийн нойр цэвэр эцэг эхээс нь хамааралтай гэж үздэг байна. Эцэг эх нь хүүхдээ яаж сургаж байгаагаас хүүхдийн нойр ямар байх нь тодорхойлогддог гэжээ. Хэрвээ эцэг эх нь ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй л бол хүүхдийн нойрны асуудал шийдвэрлэгдэх боломжгүй гэсэн байна. Хүүхдийн нойрыг сайжруулахын тулд эцэг эхийн зан үйл болон behavior-ийг өөрчлөх хэрэгтэй гэдэг онол гаргасан нь өнөөдрийн бүх судалгааны суурь нь болсон байдаг байна.
 
 
Энд Macall юу гэсэн гэхээр энэ онол, энэ суурь нь хүүхдийн төрөлхийн зан ааш, темперамент, хөгжлийн үеүд, эрүүл мэнд, эмгэгүүд, эцэг эхийн баримталдаг зарчим гэх мэт зүйлүүдийг ОГТ авч хэлцдэггүй. Яагаад гэвэл эдгээр зүйлүүдийг судлахад, судалгааны статистикийн дүгнэлт гаргахад маш хэцүү байдаг юм байна.
 
 
 

ХҮҮХДИЙН НОЙРНЫ СЭДЭВТ ХАМГИЙН ИХ СУДЛАГДСАН, БАТАЛГААЖСАН АРГА БОЛ EXTINCTION БАЙДАГ

 

Extinction арга: Хүүхдийг унтахад нь бэлдээд оронд нь тавиад өрөөнөөс нь гараад хүүхдээ унтах хүртэл нь оролцохгүй арга байдаг бөгөөд хамгийн хатуу аргуудын нэг юм (бусад нэршлүүд нь cry it out, cold turkey)
Яагаад судалгаанууд энэ арга дээр төвлөрөөд байдаг гэхээр:
 
 
  1. Хурдан
  2. Эцэг эхчүүд ойлгоход хялбар
  3. Үр дүнтэй
  4. Сөрөг үр дагавар байдаггүй

Гэхдээ яг тийм үү гэхээр бас биш юм байна. Энэ хатуу арга нь нөгөө Зан Үйлийн онол гэдэг зүйлээс үүдэлтэй бөгөөд extinction аргыг 80, 90-ээд онд маш их судалж баталгаажуулсан учир хүмүүс өнөөдөр бараг тухайн судалгаануудыг нарийн эргэж шинжихээ ч больсон. Нөгөө түрүүний хэлдэг хүмүүс үг дуугүй хүлээж авдаг болчихсон, бараг баримт шиг (fact) эх сурвалж болчихсон гэж хэлж болно. Гэхдээ яг нарийн эдгээр хүүхдээ уйлуулж унтуулах аргуудын судалгааг хараад үзвэл маш жижиг хэмжээний үр дүн гарсан, эсвэл судалгааны хугацааны хүрээнд үр дүнтэй байж байгаад хэдэн сарын дараа эргээд асуумж авахаар эцэг эхчүүд ихэнх нь тууштай байж чадаагүй, хүүхдийн нойр эрс сайжирсан зүйл байгаагүй ч юм уу байжээ.

Ер нь судалгаа бол сайжирсан үр дүн, дүгнэлтийг амжилттай гэж үздэг. Сайжирсан гэдэг нь хүүхдийн нойрны асуудал шийдвэрлэгдсэн гэсэн үг биш. Хэрвээ шөнө 6 сэрдэг байсан хүүхдийг Extinction аргаар сургаад 3 сэрдэг болгосон бол энийг маш сайн үр дүн гэж дүгнэж бичдэг. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд энэ 3 сэрэх нь асуудал хэвээрээ л байдаг шүүдээ. Ийм л эцсийн үр дүнд хүрэх юм бол энгэж олон шөнө олон цаг уйлуулах ер нь хэрэг байсан ч юм уу гэж бодогдоно биздээ?

Энд Macall хүүхдийг уйлуулж унтуулах аргыг үгүйсгээгүй юм шүү. Амжилттай хэрэгжүүлээд явсан олон гэр бүлүүд байдаг, тухайн гэр бүлд тохиромжтой арга ч байж болдог. Түүний гол санаа нь эцэг эхчүүдийн дунд Extinction арга нь түгээмэл мэдээлэл, байдаг л зүйл болсон мэт сэтгэхүйг нойрны арга зүйчид бас ойлгоосой, эцэг эхчүүдийн энд тэндээс авч байгаа мэдээлэл, судалгаа зэрэг зүйлс нь хязгаарлагдмал байгаа гэдгийг сануулж байгаа билээ. Маш их эцэг эхчүүд Extinction-аас өөрөөр хүүхдээ унтуулж сургах сонголт байхгүй гэдэг бодолтой явдаг яагаад гэвэл хүүхдийн эмч, хүүхдийн эмнэлгүүд хүртэл мундаг судалгаануудын хүрээнд баталгаажсан Extinction аргыг л санал болгоод байдаг. Эцэг эхчүүд бас өөрсөндөө маш их бурууг тохож, айдаст автсан байдаг гэж тэр хэлжээ. Өөрсдийнхөө хүүхдэдээ тохирсон, тааламжтай аргыг сонгож эсвэл хэрэгжүүлэх чадвартаа итгэдэггүй, болохгүй байна гэж боддог. Энэ нь нөгөө түрүүний хэлдэг Behaviorism / Зан Үйлийн онолоос хамааралтай.

Хүүхдээ одоо эртхэн унтуулж сургахгүй л бол оройтлоо, маш муу сөрөг үр дагавартай гэдэг мэдээлэл энд тэндгүй явж эцэг эхчүүдийг сандаргадаг. Мэдээж хүүхэд нь дутуу нойртой, сайн унтахгүй бол хэцүү л дээ. Бас хүний нойр хүнд болон хүүхдэд ямар хэрэгтэй, ач холбогдолтой зүйл байдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ заавал ЗӨВХӨН Extinction аргаар л унтуулж сургах хэрэгтэй гэж үү? 3 сартай хүүхдийг одооноос унтуулж сургахгүй л бол 6 сар хүрэхээрээ ямар сөрөг үр дагавар гардаг нь баталгаажсан НЭГ Ч судалгаа байдаггүй шүү. (Энд нэг юм сануулах хэрэгтэй байх, энд зөвхөн sleep train буюу унтуулж сургах ярьж байгаа шүү түүнээс биш хүүхдийг бага сартайгаас нь зөв цагуудыг нь барих, унтах зөв орон зайг бүрдүүлэх зэрэг бол sleep train биш шүү.)

 

ХҮҮХДЭЭ УЙЛУУЛЖ УНТУУЛЖ СУРГАХ ДЭЭР ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН НЭГ САНАА ЗОВДОГ ЗҮЙЛ БОЛ СӨРӨГ ҮР ДАГАВАР БАЙДАГ

Миний хүүхэд энгэж удаан уйлснаар сэтгэл зүйд нь нөлөөлөх болов уу гэж их асуудаг. Тэгвэл судалгааны хүрээнд энэ талаар юу гэж байдаг вэ? Ямар ч сөрөг үр дагавар байхгүй ээ гэсэн байдаг. ГЭХДЭЭ яаж энийг байхгүй гэдгийг нь тодорхойлоод байна вэ? Их уйлах нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг үү үгүй юу гэсэн 11-хэн судалгаа байдаг гэнээ. Харин энэ судалгаанууд ямар сартай, настай хүүхэд яг хэдэн минут, хэдэн цаг уйлсныг хэзээ ч дурдаагүй байдаг байна. Тэгхээр 5 сартай хүүхэд 15 минут уйлсан учир сөрөг үр дагавар байгаагүй гэж байгаа юм уу? эсвэл 9 сартай хүүхэд 1 цаг уйлсан чинь сөрөг үр дагавар байгаагүй гэж байна уу? гэдэг нь тодорхойгүй. Ерөнхий баримжаа насны хүрээ буюу 3 сараас 30 сартай хүүхдүүдээс судлахад ийм байжээ гэсэн дүгнэлтүүд байдаг юм байна. Энэ бол маш том насны хүрээ бөгөөд оновчтой хариулт авах боломжгүй биш үү?

Сөрөг үр дагавар байсан байгаагүйг энэхүү судалгаанууд баталгаажсан сонжоогоор дүгнэж гаргасан байдаг юм байна. Харин энэ сонжоо нар нь өөрсдийн гэсэн олон дутагдалтай байдаг гэж Macall хэлжээ. Яг сэтгэхүйн өөрчлөлтийг нарийн хэмжээд байна уу? Эцэг эхчүүд нь сөрөг нөлөө байгаагүй гэсэн хариулт нь хэр үнэн бэ? Жишээ нь судалгаа хийгдэж байхад танаас та хүүхдээ их уйлуулснаар сэтгэхүйд нь сөргөөр нөлөөлсөн гэж бодож байна уу гэж асуувал хэн ч бараг тийм гэж хариулахгүй л болов уу?

Хүүхдийн зан аашд өөрчлөлт, сөрөг үр дагавар гарсан эсэхийг шалгах сонжоо нарын хамгийн түгээмэл нь:

Flint Infant Security Scale (1974 онд үүссэн)
Parent Report (эцэг эхийн дүгнэлт)
Child Behavior Checklist (том хүүхдүүдэд хэрэглэдэг)

Тэгхээр та энэ мэдээллийг мэдсэнээр өөрийн дүгнэлтээ гаргаарай.

Энд Macall дахин сануулахдаа хүүхдийг уйлуулах буруу, муу гэж хэлэх гээгүй харин сөрөг үр дагавар яг байдаг үгүй нь тодорхойгүй, хэдэн цаг яг уйлуулах нь зөв буруу гэсэн мэдээлэл баталгаа байдаггүй гэж тодотгож байгаа юм байна. Ямар ч сөрөг үр дагавар байдаггүй гэж хэлж байгаа судалгаанууд бас цаанаа асуудалтай, дутагдал ихтэй байдаг юм байна шүү. Харин сөрөг үр дагавар байдаг шүү гэдэг судалгаа бараг байдаггүй гэхээр сонин байгаа биз?

Судалгааны хүрээнд хоёр зүйл хоорондоо их өөр дүгнэлт гаргадаг эсвэл зөрчилддөг гэнээ. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ сайн унтаад байна гэдэг дүгнэлт нь хүүхдийнх нь нойр яг жинхэнээсээ сайжирсан хоёрын зөрүү юм байна. Зарим тохиолдолд хүүхдийнх нь нойр яг сайжраагүй харин эцэг эхийнх нь хүүхдийнхээ нойрны тухай хандлага нь сайжирсан байдаг байна.

Macall өөрийн лекц дээрээ Extinction аргын судалгааны тухай голчлон ярьсан бөгөөд тэр хэлэхдээ бусад унтуулж сургах аргуудын тухай яагаад их судлагдахгүй байгааг тодотгож, өөр янз бүрийн аргууд байдаг бас илүү үр дүнтэй ч байх боломжтой хирнээ судалгааны хүрээнд эдгээр өөр аргуудын мэдээлэл дутмаг байдаг гэжээ. Extinction-ээс өөр үр дүнтэй аргуудаас дурдахад:

Эцэг эх хүүхдэдээ сэтгэл зүйн дэмжлэг хангалттай үзүүлэх (parental emotional availability):
  • Эцэг эхийн аажим аажмаар оролцоогоо багасгах арга
  • Цагийн хуваариар шөнө дунд хагас сэрээх арга
  • Цагаан чимээ / white noise
  • Нойрны тэмдэглэл хөтлөх
  • Оройн унтах бэлтгэлийн дэглэм
  • Эцэг эхчүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх (Заримдаа зөвхөн эцэг эхчүүдийн асуудлынх нь тухай сайн сонсож өгөх, өөрсдийнх нь нөхцөл байдлыг ойлгож хүндлэх мэргэжлийн хүн байснаар маш их тус болдог гэжээ)

Энэ лекцийн гол ач холбогдол нь манай Монгол шиг хүүхдийн нойрны тухай баталгаажсан судалгаа дутмаг оронд биш харин өндөр хөгжилтэй барууны орнуудад маш их нойрны арга зүйчид болон мэргэжилтнүүд байдаг зах зээлд эцэг эхчүүд хүүхдийн нойроо сайжруулахын тулд эртхэн эхлэх, уйлуулахаас өөр арга зам байхгүй нь батлагдсан гэх мэт шахалт, хязгаарлагдмал мэдээлэлтэй байдагт хандсан юм. Би харин та бүхэнд юу гэж ойлгуулах гээд байна гэхээр хүүхдийн нойрны сэдэв, хүүхдийн нойрны мэргэжлийн зөвлөгөө гэдэг зүйл нь ардаа маш их судалгаа, үндэслэлтэй байдаг шүү гэдгийг эхлээд ойлгох, харин хичнээн их судалгаа, мундаг үр дүнгүүд байдаг ч ихэнх дүгнэлтүүд нь тодорхой хэмжээний дутагдалтай байдаг мөн баталгаажсан судалгаанууд болон мэдээллүүдийн суурь онол, хүн амын сорьц гэх мэт зүйлүүд нь ихэвчлэн барууны өндөр хөгжилтэй орнуудын цагаан арьстнуудад хийгддэг юм байна гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм шүү. Тэгхээр барууны өндөр хөгжилтэй, хүүхдийн нойрны тухай сэдэв олон жилийн түүхтэй орнууд хүртэл хүүхдээ унтуулж сургах аргачлалууд дээр тэрсэлдэж, бараг бодит баталгаатай зүйл (fact) болсон арга зүй нь хүртэл өнөө цаг үед шүүмжлэгдэж, дутагдал ихтэйг нь гаргаж ирж байна.

Attachment parenting буюу хүүхэдтэйгээ илүү дотно харилцаатай, хүүхдээ илүү мэдэрч хүмүүжүүлэх аргачлал маш хурдтай газар авч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Барууны орнуудад ч гэлтгүй манай Монголд хүртэл хүүхдийн хүмүүжлийн зөв арга зүй дээр суралцсан хэвээрээ байна. Үүнд хүүхдээ зөв унтуулж сургах бас хамааралтай билээ. Зөвхөн онол, судалгаанаас ишлэл татаад эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх цаг ард хоцоржээ. Гэхдээ энд судалгаа гэдэг зүйлийг оновчгүй, хэрэггүй эсвэл буруу гэх гээгүй юм шүү. Судалгаа гэдэг зүйл бол маш чухал. Судалгаа өргөн хүрээнд олон нарийн сэдвээр хийгдэх тусмаа нийгэмд мэдээлэл, мэдлэг нэмэгдүүлж, амьдралын хэв маяг болон нийгмийн чиг хандлагыг тодорхойлж байдаг хүн төрөлхтний оюуны ухаан өндөр төвшинд хөгжсөний том илэрхийлэл юм. Macall -ийн хэлж сануулж ойлгуулах гэсэн зүйл бол судалгаанууд өшөө илүү хийгдэх хэрэгтэй байна, хүүхдээ унтуулж сургах олон аргууд байдаг, тэд нар бас үр дүнтэй байх боломжтой гэсэн судалгаа ажлууд эрчимтэй хийгдэх ёстой гэсэн байна. Хүүхдийг унтуулж сургахад учир бий бас олон хүчин зүйлийг чухалчилж авч хэлэлцэх ёстой жишээ нь Macall-ийн голчлон судалдаг хүүхдийн олон төрлийн төрөлхийн зан ааш, гэр бүлийн амьдралын хэв маяг, эцэг эхийн санал хүсэл, хүүхдийн эрүүл мэнд гэх мэт.

Энэ сэдэв миний хувьд маш сонирхолтой байлаа. Та бүхэнд олон юм бодогдуулж, жоохон ч болов мэдлэг нэмэрлэсэн болов уу гэж найдаж байна. Хүүхдийн нойр гэдэг энэ сэдэв бол зүгээр л нэг ээжүүдийн дам яриа болсон түрхэн зуурын асуудал биш бөгөөд маш олон жилийн судалгааны түүхтэй, олон ч жил судлагдаж, судлагдсан ч баттай тодорхой дүн хариу гарах боломжгүй байдаг ийм нарийн, олон талтай, чухал нийгмийн асуудал гэдгийг ойлгож авсан болов уу. Хүүхдийнхээ нойрыг чухалчилдаг хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн болов уу гэж бодож байна.

Та бүхэн Macall -ийн энэ сэдвийн хүрээнд бичсэн ном зүй (literature review) бүгдийг нь харах хүсэлтэй бол манай Унтдаггүй Хүүхдүүд групп-руу орж уншаарай:

Групп линк: https://www.facebook.com/groups/501649467173068

 

Macall Godron-ий тухай:

  • Хоёр маш сэргэг зан араншинтай хүүхдийн ээж, 18 жил сайн унтаж чадаагүй
  • Master’s Degree in Applied Psychology – research based specialization in infant mental health, parenting psychology
  • Bachelor of Science in Human Biology
  • Senior Lecturer in the Graduate Counseling Psychology
  • Conducted and presented research on temperament, sleep and parenting advice
  • Certified Gentle Sleep Coach (specializing in high needs temperament babies)
  • Upcoming book on Temperament and Sleep

 

Дараагийн сэдэв: Хүүхдийн эмч нар тэр бүрийчлэн чухалчилдаггүй нойрны асуудалтай хүүхдүүдийн нойрны эмгэгийг хэрхэн шийдвэрлэх тухай

 

Өмнөх сэдэв: Хэлний богино хөвч ба нойр – Сэдэв 1 ЭНД ДАРНА УУ

0 Comments

Submit a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сургалтууд

Зөвлөгөөнүүд

alt=

Share