Бага ангийн хүүхдүүдийн нойр: 6-8 нас

Саяхан би улсын 186-р сургуулийн 2А ангид уригдан нойрны тухай бяцхан сургалт орлоо.

Сүүлийн дөрвөн жилийн турш миний бүх ажил, яриа, бичвэр бараг дандаа л нярай, бага сартай бага насны хүүхдүүдийн нойр дээр төвлөрч ирсэн. Тэр үед би “энэ л хамгийн чухал нас” гэж боддог байлаа. Буруу биш л дээ. Нярай үед нойр бол амьдралын суурь шүү дээ. Гэхдээ хүүхэд өсөх тусам нойр нь чимээгүйхэн орхигдсоор байдаг. Хэн ч анзаардаггүй юм шиг, хэн ч асуудаггүй юм шиг.

Өөрийн хоёр хүүхэд маань бага ангид орсноор нойр гэдэг сэдвийг би арай өөрөөр мэдэрч эхэлсэн. Том маань өглөө бүр сэрэхдээ “ядарсан” гэж хэлнэ. Харин орой болохоор унтахгүй байх аргаа олж, аль болох хойшлуулахыг хичээнэ. Бага нь энэ жил дөнгөж 1-р ангид орсон. Өглөө эрт босох, сургуулийн хэмнэлд дасах гэдэг өөрөө нэлээд том сорилт байлаа.

Хүүхдүүд тодорхой хэмжээнд бие дааж эхлэхээр өөрөө унтах, өөрөө хоолоо халбагдаж идэх, өөрөө 00 орох гэх мэт олон чадвар нь хөгждөг. Үүнийг нь харахаар баярлахын зэрэгцээ ээж аавын анхаарал, халамж аяндаа багасчих шиг болдгийг нуух аргагүй. Том болчихсон юм чинь өөрөө мэднэ гэж бодогдох үе ч гарна.

Гэхдээ яг энэ насанд хүүхдүүдэд юмыг зүгээр л “хий” гэж хэлэх биш, яагаад хийх ёстой вэ гэдгийг ойлгуулж, тайлбарлаж, өөрсдөө үлгэрлэж харуулах ээж аавын үүрэг бүр илүү чухал болдог шиг санагддаг. Нялх, жоохон байхад ээж аавын 100 хувь удирдамжаар явж болдог байсан бол бага ангид орсон хүүхдүүдтэй ингэж хандах боломж аажмаар багасдаг. Үүнийг бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд маш сайн ойлгож байгаа байх.

Жишээ нь нойрны хувьд бид хүүхдүүдэд шүдээ угаахыг, гараа угаахыг заадаг атлаа унтах тухай бараг ярьдаггүй. Нойр гэж яг юу юм? Нүдээ аниад орондоо хэвтээд унтахын утга учир юу юм? Яагаад заавал унтах гэж? Тоглоод л сэрүүн байгаад л байж болдоггүй юм байхдаа? Хичээлээсээ ирээд даалгавар, хоол унд гэсээр унтах цаг болдог 7 настнуудын хувьд 24 цаг хангалтгүй санагддаг байх. Яг л гоё тоглох гээд эсвэл дуртай юмаа хийх цаг гарж байхад унтах болдог гэдгийг эд нар юу гэж ойлгож байна вэ? Дэмий л унт унт гэхийн, ЯАГААД?

Өөрийн 4 жил нойр ярьсны туршлага, мөн өөрийн 6 тай 8 тай хүүхдүүдийнхээ асууж байгаа асуултуудыг тэдний хичээлтэй нэг өдрийн хэмнэлийг нь хараад хөтөлбөрөө бэлдэн 2-р ангийн хүүхдүүдтэй уулзахаар очсон билээ. Би тэдэнд лекц уншихыг хүсээгүй. Зүгээр л хамтдаа бодъё, ярилцъя, тоглоё гээд битүүхэндээ бас жоохон сандраад л очлоо.

“Та нар хэдэн цаг унтдаг вэ?” гэж асуухад анги дүүрэн янз бүрийн хариулт сонсогдлоо. Зарим нь “мэдэхгүй”, зарим нь “тэгж байгаад л”, харин зарим нь “ээж унт гээд байхад” гэж хэлсэн нь инээдтэй хэрнээ бодит байлаа. Тэгээд би зүгээр асуугаад өнгөрөхгүйгээр, хамтдаа хэдэн цагт унтах ёстойгоо тооцлоо.

Бага ангийн хүүхдүүдэд өдөрт ойролцоогоор 10–12 цагийн нойр хэрэгтэй. Хэрвээ өглөө 7 цагт босох ёстой бол орой 9 цагт орондоо орж байж л хангалттай нойр авна гэсэн үг. Тиймээс оройны 10 цагаас өмнө заавал орондоо орохыг хичээх нь ямар чухал вэ гэдгийг энгийнээр тайлбарлалаа.

Хүүхдүүд өдөр бүр хичээл дээр маш олон шинэ зүйл сурч байна. Дээрээс нь орчин үеийн хүүхдүүд бараг бүгд нэмэлт дугуйлан, сургалтад явдаг болсон. Ийм үед нойр бол бүр илүү хэрэгтэй зүйл болдог.

“Унтаж байхад тархи амардаг уу?” гэж асуухад олон хүүхэд “Тийм” гэж хариуллаа. Гэтэл үнэндээ тархи унтаж байхдаа амардаггүй, харин ч эсрэгээрээ тухайн өдөр сурсан бүх мэдээллээ цэгцэлж, хэрэгтэйг нь үлдээж, хэрэггүйг нь ялгаж шүүж байдаг. Энэ хооронд бие махбодод бас олон чухал процесс явагдана. Эд эсүүд хоорондоо холбогдож, дархлаа ажиллаж, өсөлтийн даавар ялгарна.

Иймээс бид бодит жишээнүүд дээр ярилцлаа. Хэрвээ төгөлдөр хуураа сайн сурмаар байвал, тоогоо илүү ойлгомоор байвал, сагсандаа сайжирмаар байвал хамгийн түрүүнд сайн унтах хэрэгтэй. Хичээл, авьяас, спорт гээд юу ч байсан нойргүйгээр урагшлах боломжгүй гэдгийг ярилцлаа.

Сургалтын зарим хэсгээс. Гүйлгээд үзээрэй

Унтахын өмнөх бэлтгэл

Сургалтдаа би унтахын өмнөх бэлтгэл (bedtime routine) ямар чухал үүрэгтэй байдгийг байнга ярьдаг. Хүсвэл энд дараад үзэж болно.

Чанартай нойр авахын тулд унтахын өмнөх бэлтгэл зөвхөн 7 настай хүүхдүүдэд ч биш, томчууд бидэнд ч адилхан хэрэгтэй. Энэ тухай олон зөвлөмж, судалгаа байдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Ихэнхдээ нэг л зүйлийг хэлдэг. Унтах цагаа тогтмол байлгах, тэр цагаасаа өмнө орой бүр ижил дараалалтай үйлдлүүдийг хийж хэвших, өөртөө зориулагдсан нам гүм, тайван цагийг аажмаар бий болгох хэрэгтэй гэж.

Иймээс хүүхдүүдийг зөв цагтаа унтаж сурахад нь дэмжих, мөн өөртөө цаг гаргаж унтахдаа бэлдэх дадлыг нь энгийн аргаар бий болгохын тулд би нэгэн хүснэгт хуудас бэлдэж, хүүхэд болгонд тараалаа. Орой бүр хийсэн үйлдэл бүрдээ одтой стикер нааж, өөрийн ахицыг харах боломжтой. Маш энгийн санагдаж болох ч хүүхдүүдийн хувьд энэ нь маш сонирхолтой, урамтай байлаа.

Унтах бэлтгэлийн энэ хүснэгтийг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

Хуудсаа авахдаа хүүхэд бүрийн нүд гялалзаж, “Өнөө орой би одоо нааж эхэлнэ”, “Маргааш хоёр одтой болно” гэж хоорондоо ярилцаж байсныг сонсоход үнэхээр хөөрхөн санагдсан. Тэр мөчид би нэг зүйлийг маш тод мэдэрсэн. Унтах дадлыг ингэж эерэг, зугаатай байдлаар ойртуулж чадвал нойр гэдэг ядаргаатай, албадлагатай зүйл биш, харин өөрийгөө хайрлах нэг жижиг боловч чухал алхам болж хувирдаг юм байна.

Хүүхдүүдээ нялх, бага сартай байхад нь унтах бэлтгэлийг бид өөрсдөө өмнөөс нь төлөвлөж, хийж өгдөг байлаа. Хэзээ унтах, яаж унтах, юуны дараа орондоо орох вэ гэдгийг ээж аав нь бүхэлд нь шийддэг. Харин хүүхэд томрох тусам энэ бэлтгэл аажмаар замхарч, зарим үед бүр орхигдсон мэт болчихдог нь анзаарагддаг.

Дүүтэй болсноор анхаарал нь бага руу шилжих, ээж аав нь бүтэн цагийн ажилдаа орж хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг багасах, эсвэл “том болсон болохоор өөрөө мэднэ” гэж бодох зэрэг олон шалтгаан бий. Ингэснээр унтах цаг, унтах дадал нь ч бас аяндаа замбараагүй болж эхэлдэг.

Хэрвээ бид, эцэг эх асран хамгаалагчдын хувьд, бага ангийн хүүхдүүдийнхээ бие даах чадварыг энгийн аргаар дэмжиж, унтах дадлыг нь насанд нь тохируулан аажмаар бэлдэж, урамшуулж чадвал энэ нь зөвхөн өнөөдрийн асуудал биш, цаашдын эрүүл амьдралын хэв маягт нь чухал суурь болж өгнө.

Унтах дадал гэдэг бол хатуу дүрэм биш. Харин хүүхдэд өөрийгөө анзаарах, биеэ сонсох, өөрийгөө хайрлахыг заадаг хамгийн энгийн боловч хэрэгтэй зуршлуудын нэг юм.

Хичээлийн төгсгөлд хүүхэд бүрт Sleep Champion гэрчилгээг гардуулж өглөө. Нойр яагаад чухал вэ гэдгийг ойлгосон, түүнийгээ аав ээждээ тайлбарлаж, найз нөхөдтэйгөө хуваалцах чадвартай боллоо мөн “чи нойрны тухай ойлгож эхэлж байна, өөрийгөө хайрлах нэг алхам хийж байна” гэдгийг нь бататгаж өгсөн хэрэг.

2-р ангийн хүүхдүүдийн хувьд ямар нэгэн зүйлд оролцсон, хичээсэн, сайн байсан гэдгээ ингэж бодитоор мэдрэх нь маш чухал. Тэд магтаал, урамшууллыг хүлээж авдаг, утгыг нь ойлгодог насан дээрээ явж байдаг. Тиймээс л ийм жижигхэн боловч утгатай урамшуулал зайлшгүй хэрэгтэй мэт санагдсан. 

Нойрны боловсрол зөвхөн нярай үед дуусдаг зүйл огт биш. Харин ч бага ангид орсон хүүхдүүдэд энэ яриа бүр илүү хэрэгтэй болдог. Яг энэ насанд өдөр тутмын зуршил аажмаар тогтож, хүүхэд өөрийн бие, ядаргаа, анхаарлаа анзаарч эхэлдэг. Энэ суурь байхгүй бол өсвөр насанд ормогцоо нойрны асуудал нь зохицуулахад хэцүү болж эхэлдэг. 

Хүүхдүүдэд том лекц уншиж, их онол ярих шаардлагагүй. Нойрыг өдөр тутмын амьдралын энгийн нэг хэсэг гэдгээр нь ойлгуулах нь илүү чухал байлаа.

Мэдээж нялхаасаа эхлээд унтах дадал, (sleep hygiene) нойрны эрүүл ахуй зөв бүрдэж өссөн хүүхдүүдийн хувьд унтахыг эсэргүүцэх асуудал харьцангуй хөнгөн байдаг. Гэхдээ бодит байдал дээр ихэнх хүүхдүүд нойр, унтах цаг яагаад чухал вэ гэдгийг одоо л анх удаа сонсож, ойлгож эхэлж байна. Тийм учраас энэ насыг алдахгүй байх нь маш чухал юм шиг санагдсан. Нойр бол эрүүл байх суурь, чанартай амьдралын хэв маягыг тодорхойлогч шүү дээ. 

The Sleepy Animal Stretch Game

Ангидаа тоглосон сонирхолтой тоглоомын хэсгээс. Эдгээр зурган дээр байгаа амьтадын хөдөлгөөнийг дуурайж сургалтынхаа дараа биеийнхээ алжаалаа тайлцгаав. Унтахдаа ч гэсэн энэ амьтадыг дуурайгаад орондоо орсон үедээ суниагаад биеэ амрааж болно хэмээн хамт тоглоцгоов. Нийт 12 төрлийн амьтад байснаас хэдийг нь оруулав.

Та хүүхдэдээ өөрийн хүссэн өөр амьтад оролцуулаад унтахдаа хийж болох хөөрхөн тоглоом зохиогоорой. 

Сургалт авах

Хэрвээ та сургалт авахыг сонирхож байгаа бол энд даран мэдээлэл аваарай

Зөвлөгөө авах

Хэрвээ та тусгайчлан зөвлөгөө үйлчилгээг авахыг сонирхож байгаа бол энд даран мэдээлэл аваарай

Share This