Сайн байна уу?
Намайг Энхбаяр-ын Номинзул гэдэг. Би мэргэжлийн хүүхдийн нойрны арга зүйч мөн 2 хөөрхөн хүүгийн ээж. 2017 онд анх би ээж болсноор миний амьдралыг харах өнцөг, хандлага эрс өөрчлөгдөж өөрөө дахин энэ хорвоод шинээр төрсөн мэт болсон. Ээж хүн байна гэдэг миний хувьд асар их тэсвэр тэвчээр, хариуцлага эргээд хэмжигдэшгүй аз жаргал авчирдаг үүрэг гэдгийг ойлгуулсан.
Манай том хүү нойрны тал дээр намайг нэлээд сорьж байсан. Хэрдээ л их юм уншиж судалж туршиж үзсэн боловч барууны орнуудад байдаг шиг Sleep Consultant гэдэг мэргэжлийн хүн Монголдоо байдаг бол ямар гоё вэ гэж бодож байж билээ.
Ээж аав болоод бөөн бөөн аз жаргал дунд умбаж байх ёстой байтал хүүхэд нь нойрны асуудалтай байхаар хүний бүх бодол нь “хэзээ нэг сайхан унтах юм болоо, хүүхдээ сайн унтуулдаг болгох юмсан” гэдгээр л зөвхөн эргэлдэж эхэлдэг. Цаашлаад энэ нь сэтгэл гутралд нөлөөлөх, гэр бүлийн уур амьсгал эвдрэх гэх мэт хүнд асуудлууд болж хувирдаг талтай. Шөнийн бодол өдрийн зүүд болох нь холгүй л байдаг шүүдээ.
Нойр гэдэг маш чухал. Тэр тусмаа хүүхдийн нойр. Тиймээс би хүүхдийн нойрны арга зүйчээр мэргэжихээр шийдэж, аль болох олон нойргүй гэр бүлд, 2017 оны над шиг байдалд байгаа ээжүүдэд туслах зорилготой болсон билээ.