Сэдэв 4: Хүүхдийн эмч нар тэр бүрийчхэн чухалчилдаггүй нойрны асуудалтай хүүхдийн нойрны эмгэгийг хэрхэн шийдвэрлэх тухай
Тухайн илтгэгчийн 3 хүүхэд нь нойрны эмгэг өвчин гэж оношлодог /sleep apnea, parasomnia, idiopathic hypersomnia/ -тай өдөр бүр тэмцэж, арга шийдэл олохыг зорьж байгаа юм.
Илтгэгч: Kelli Crawford (эх баригч мэргэжлээр суралцаж байгаа оюутан, төрсний дараах үеийн арга зүйч, үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг арга зүйч, онгоцны үйлчлэгч мэргэжилтэй ээж хүн)
Kelli: Хүүхдийнхээ ямар нэгэн нойрны, хөгжлийн асуудлыг нь түвэг бэрхшээл гэж харахгүйгээр, та бүхэн энэ хүүхдэд би хүн болоход нь тусалж байна гэдэг талаас нь хандаасай гэж юуны өмнө хэлмээр байна. Зүрх сэтгэлдээ, дотроо та ямар нэгэн юм болохгүй, нэг л биш байгаад байна гэдэг зөн совингоо үргэлж дагаж байгаарай яагаад гэвэл ээж хүн үнэхээр хүүхдийнхээ хэлж чадахгүйг ойлгож, харуулж чадахгүйг мэдэрч байдаг. Би 4 хүүхдийн ээж. Миний эхний 2 хүүхэд дан хөхөөрөө бас хамт нэг оронд унтаж өссөн юм. Багадаа ноцтой нойрны асуудал байгаагүй ч тодорхой хэмжээнд хэд хэдэн хэцүү давааг давсан бас өнөөдрийг хүртэл 15 настай том хүүгийнхээ нойрны асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэсээр л байгаа.
Харин өнөөдөр би та бүхэнд 3 дахь хүүгийнхээ тухай хуваалцмаар байна. Манай 3 дахь хүү Sleep Apnea (нойрсох үед үе үе амьсгал зогсох хам шинж)-тай байсан. Гэхдээ яг Sleep Apnea гэдэг онош тавьж түүнийг нь шийдвэрлэх хүртлээ маш олон эмч, мэргэжилтнүүдээр би явсан юм. Хэн нь ч надад Sleep Apnea байж магадгүй гэж хэлж байгаагүй бөгөөд ихэнх эмч, мэргэжилтнүүд үл тоомсорлосон маягтай хандаж байсан нь үнэхээр гомдмоор байдаг юм. Гэхдээ би гомдлоо гээд яахав, тэрүүхэндээ л гомдоод үлдэнэ харин миний хүүгийн нойрны асуудал улам хүндэрсээр л байлаа. Ер нь эмч нар Sleep Apnea-гийн шинж тэмдэгтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон байдлаас болж SIDS case болоод дуусдаг харамсалтай тохиолдлууд зөндөө байдаг. Хамгийн гол нь Sleep Apnea-тай байсан нь задлан шинжилгээгээр илрэх ямар ч боломжгүй байдаг, яахав энэ хүүхэд амьд байхдаа Sleep Apnea-гийн шинж тэмдгүүдтэй байсан ч яг Sleep Apnea-гаас болж эндсэн гэдэг дүгнэлт хэзээ ч гаргадаггүй, гаргах ч боломжгүй байдаг юм байналээ.
Хэрвээ энэ миний анхны хүүхэд байсан бол би шал өөрөөр хандах байсан байх гэж боддог. Би хүүхдэдээ яагаад тусалж чадахгүй, хүүхдээ би яагаад ойлгож чадахгүй байгаагаа мэдэхгүй өөрийгөө маш их буруутгаж, би л ерөөсөө энэ хүүхдэд хангалттай ээж нь биш гэдэг бодолд автагдах байсан байх мөн би хүүхдээ алдах байсан гэж боддог.
Миний хүүгийн Sleep Apnea-тай байсны хамгийн тод шинж тэмдэг нь бол маш их хөлрөх байсан. Ер нь ядраад ирэхээрээ, нойр нь хүрээд эхлэхээр л хөлрөөд эхэлдэг, толгой нь, гар хөл нь хүйтэн хөлстэй болдог. Унтаж байхдаа ор хөнжил, унтлагын хувцас, өлгий гэх мэт бүх зүйл нь нэвт нэвт нордог байсан. Эхлээд нөхөр бид хоёр ямар онцгой хүүхэд вэ, ядраад унтмаар байгаагаа бидэнд ингэж илэрхийлдэг юм байна гээд нээх юм бодоогүй. Яг үнэндээ энэ бол бяцхан зүрх нь маш их ачааллалтай байсны том дохио байсан юм.
Энэ байдалтай нь 4 сар хүртэл нь араглаад болгоод байсан юм. Харин яг 4 сар гарантайдаа шөнө дунд гэнэт гэнэт чарлаж сэрдэг болж эхэлсэн. Үнэхээр яг айсан маягтай сэрдэг байсан, зүгээр л мээмээ нэхэж биш сэтгэлээсээ айсан, сандарсан, түгшүүрлэсэн маягтай. Бид одоо ийм жоохондоо /night terrors/ болоод байна гэж баймааргүй юм гэж маш их гайхлаа. Уйлж чарлаж сэрсэн бол эргэж тайвшруулж буцаж унтуулах гэж хэдэн цагийн асуудал болдог байсан. 2 ах нь багадаа энгэж сэрсэн ч би хөхүүлээд эсвэл бүүвэйлээд дороо эргээд унтчихдаг байсан болохоор энэ хүүхэд дээрээ маш их айж байлаа. Яг юу нь болохгүй байгаа юм болоо гээд. Гэдэсний дүүрэнгийн асуудал (colic) юм болов уу гэхээр хүү маань 4 сартай байгаад байдаг, ихэвчлэн colic бол нярайн эхний 3 сард нь тохиолддог учир colic бол биш байсан. Эргэж буцаж унтахаасаа айгаад байгаа юм шиг уйлдаг, яг унтахын даваан дээр эргээд л орилоод чарлаад эхэлдэг байсан.
Тэгээд хүү маань 6 сар хүрэх үед би жирэмсэн болсон учир хөхний сүү эрс багасаад хүүгээ угжинд оруулсан. Энэ үеэс шөнө чарлаж сэрэх нь улам дордож бас хөлрөх нь улам ихсэж эхлэлээ.
Миний хүүгийн нэг том асуудал нь машинд хүүхдийн сандал дээрээ ерөөсөө унтдаггүй. Яаж ч удаан хугацаагаар машинд явсан унтдаггүй, унтах болоод зүүрмэглээд ирэнгуут л чарлаад бүр алуулж байгаа юм шиг орилж тэмцдэгт нөхөр бид хоёр яахаа мэддэггүй байдалд ороод нэг удаа АНУ-ийн Phoenix хотоос South Carolina мужруу явах аялалд гарахад, /за одоо ийм удаан явах юм чинь унтах байлгүйдээ/ гэж бодсон чинь нэг ч унтаагүй явсан. Энэ аялал дунд бид хэд ч зогсов, чарлаад зүгээр болохгүй байхаар нь дандаа зогсож аргадахаас нааш тайвширдаггүй байсан. Эцэст нь бид хүрэх газраа очоод би суудалнаас нь авахад шууд миний гар дээр ядарсандаа тасарч унтаж байсан юм. Одоо эргээд харахад миний хүүхэд машины суудлын налуу байрлалд ороод унтах болонгуут амьсгалын зам нь боогдоод байдаг байсан байналээ. Тэр үед бол бид мэдэхгүй зүгээр л машины суудалд дургүй эсвэл машинд дургүй гэж боддог байсандаа одоо өөртөө уур хүрдэг, мэдээж нэг юм нь болохгүй болоод л хүүхэд тэгж их тэмцэж байсан. Унтмаар байсан ч унтаж чадахгүй, унтвал амьсгалж чадахгүй болно гэдэг одоо нэг төрлийн тамлалт биздээ? Гэтэл бид хүүхдээ тийм хэцүү байсныг нь мэдэхгүй, бидэнд хэлж чадахгүй учраас тэгээд гүрийгээд байсан гэж бодохоор л аймшигтай санагддаг. Би уг нь аль болох машины суудлыг нь байж болох хамгийн налуу байрлалруу нь болгосон ч манай хүүхдийн adenoid (хамрын арын мах) маш том байсан учир унтах болоод толгой нь жоохон урагш тонгойход л амьсгалын замыг нь хаагаад байдаг байсан байналээ. Яваандаа бид adenoid-ийг нь хагалгаагаар авахуулахад зөв зүгээр машинд унтдаг болсон.
Хүмүүс иймэрхүү асуудлын тухай нээх ярилцдаггүй, эмч нар ч гэсэн ийм юм болдог гэж анхааруулж мэдээлэл түгээдэггүй юм байналээ. Тухайн гэр бүл тэгээд даваад л гардаг, хүүхэд нь амьд эсэн мэнд л байвал хэчнээн хэцүү байсан ч тэгээд болоод байна гээд л явсаар. Бид ч тийм гэр бүлүүдийн нэг байсан юм. Ер нь эмч нар иймэрхүү асуудлуудыг авч хэлцдэггүй маш хөнгөн хийсвэр хандаж байсан, намайг бараг ямар сүртэй юм бэ, арай хэтрүүлээд байна гэх нь элбэг байлаа. Тухайн үед би олон эмчид хандахаас гадна маш их нойрны арга зүйч нараас зөвлөгөө авснаас надад хамгийн ихээр тусалж чадсан нь Tracy Spackman (https://getquietnights.com/) байсан яагаад гэвэл тэр үнэхээр намайг сэтгэлээсээ сонсож, миний хэлж байсан бүх жижиг сажиг мэдээллүүдийг хүлээн авч зөвлөгөөндөө бодолцож, олон нойрны тухай юм заахаас илүү надад дэмжлэг үзүүлсэн нь маш их сэтгэлийн дэм болон урам өгсөн. Түүний ачаар нэг дүгээрт би ямар ч байсан галзуураагүй юм байна гэдгээ мэдэж авсан. Тэр танай хүүхэд Sleep Apnea-тай байж магадгүй юм шиг байна гээд намайг уушгины эмчид хандах хэрэгтэй байх гэж чиглүүлж өгсөн юм. Өмнө нь би зөвхөн хүүхдийнхээ эмч эсвэл өрхийн ерөнхий эмчдээ л хандаж байсан л даа.
ЗҮРХНИЙ ЭМЧ
Тэгээд бид өрхийн эмчээсээ зөвлөгөө авч аль уушгины эмчрүү явахаа шийдээд уушгины эмчтэй очиж уулзсан чинь манай хүүхдийн энэ нойрны асуудал бас энэ маш их хөлөрдөг нь зүрхний ямар нэгэн гажиг эсвэл эмгэг байж магадгүй гэлээ. Тэгээд бид зүрхний эмнэлэг очиж хүүгээ үзүүлэхэд манай хүүгийн зүрхэнд жижиг хэмжээний цоорхой байна гэхдээ эннээс болж хүүхэд нойргүй болж, их хэмжээгээр хөлөрнө гэж байхгүй гэсэн бас цоорхой нь маш жижиг байсан учир насанд хүрсэн хойно нь л асуудал үүсэх магадлалтай одоо бол ямар ч асуудалгүй гэсэн. Зарим тохиолдолд ийм жижиг цоорхой өөрөө буцаад битүүрдэг тохиолдлууд байдаг юм байналээ. Манай том хүү гэхдээ цоорхойтой байсан нь тухайн үедээ бас оношлогдоод хагалгаанд орох хэрэгтэй болж байсан учир бид бол энэ зүрхний цоорхойны талаар нэлээдгүй туршлага ойлголттой байсан юм. Тэгээд манай 3 дах хүүгийн асуудал нь зүрх нь биш байх нь батлагдлаа. Одоо тэгээд яах билээ?
УУШГИНЫ ЭМЧ
Эргээд өрхийн эмч дээрээ очиход ямар ч зөвлөгөө өгч чадаагүй. Дахиад уушгины эмчээсээ зөвлөгөө авах уу гэж надаас эргүүлээд асуулаа. Бид эргээд уушгины эмч дээрээ очиход нэлээд надаас төвөгшөөсөн байдалтай намайг угтаж авсныг сайн санаж байна. Би дараах шинж тэмдгүүдээ дахиад л хэллээ:
-
Ам нь онгорхой унтдаг
-
Заримдаа хурхирдаг
-
Байнга хөдөлгөөнтэй унтдаг
-
Гэнэт цочиж сэрж, маш чанга чарлаж уйлдаг
-
Буцаж унтуулах ямар ч аргадалт авдаггүй, би гар дээрээ унтуулах гээд ч эргээд унтдаггүй байсан
-
Их хэмжээгээр хөлөрдөг
Хамгийн аймар нь миний хүүгийн өсөлт зогсчихсон яагаад гэвэл сайн унтахгүй байсан учир өсөлтийн дааврууд нь бага хэмжээгээр ялгарснаас болж. Гэвч эмч надад юу гэсэн гэхээр танай хүүхэд ерөнхийдөө их том биетэй хүүхэд юм байна, тэгхээр хэсэг өсөлт нь зогсох нь зүгээр байх гэсэн. Гайхах уур хүрэх хоёрын дунд би тэр үед яахаа мэдээгүй юм. Яагаад өсөлтийн график байгаа юм бэ тэгвэл? Заримдаа хүүхдүүд өсөхөө болих нь зүгээр юм бол яагаад тогтвортой жин нэмж байх ёстой албан ёсны заалт ер нь байдаг юм?
Би ямар ч хамаагүй үнийн дүнтэй байсан нойрны судалгаанд хүүгээ хамрагдуулахыг хүссэн юм. Яагаад гэвэл үнэхээр нэг асуудал байгааг нь би мэдэж байсан, өөрийн судалгааны хүрээнд би энэ Sleep Apnea мөн байх гэж дүгнэлт тавьсан ч дээрх хэлсэн бүх шинж тэмдгүүдийг уушгины эмч Sleep Apnea биш гэдэгтээ маш итгэлтэй байсныг одоо би эргээд харахад их гайхдаг. Би гуйж, уурлаж, гүрийсний эцэст нойрны судалгаанд орох зөвшөөрөл авсан.
НОЙРНЫ СУДАЛГАА
Манай хүү тэр үед 10 сартай байсан учир нөгөө нойрны судалгаанд нь ашиглагдахад хэрэгтэй бүх утас, залгуурыг нь татаж зулгаагаад ерөөсөө зүгээр байлгаагүй. Тэгээд би заза олигтой дүгнэлт гарахгүйндээ гэж бодож байлаа яагаад гэвэл зөвхөн 5 хан цагийн нойрны судалгаа хийхийг зөвлөсөн юм. Гэхдээ эмч нь гайгүй дүгнэлт гарах боломжтой хариу гарсан байна гээд надруу залгасан: Манай хүү унтаж байхдаа арай ч бүтэн амьсгал нь зогсдоггүй байсан ч амьсгал нь зогсохын яг наагуур эргэж амьсгаагаа авах хэмжээнд байсан. Цээж нь арай хийж л тэлж байсан. Амин үзүүлэлтүүд нь яг энэ үер нэлээд унаж 1 цагт бараг 8н удаа амьсгал зогсох хэмжээний тохиолдлууд гарч байсныг эмч хэлсэн. Тэгээд бид одоо яах вэ гэхэд магадгүй хоолойн мах бас хамрын арын махыг нь авах хэрэгтэй байх гээд биднийг Чих Хамар Хоолойн эмчид ханд гэлээ.
Уушгины эмч манай хүүг их бүдүүн хоолойтой байна гэж байсан, бид тэрийг нь нээх асуудал гэж бодоогүй байсан юм. Гэхдээ нээрээ л манай хүү бусад ижил сартай хүүхдүүдээс нялх байхын л бүдүүн хоолойтой байсан юм, уйлахдаа их доогуур өнгөөр уйлдаг байсан. Сүүлд нь бид энэ нь хамрын арын мах нь маш том байсантай холбоотой байсныг нь мэдсэн.
ЧИХ ХАМАР ХООЛОЙН ЭМЧ
Чих Хамар Хоолойн эмч манай хүүг үзээд за одоо ямар нэгэн хагалгаа хийхэд арай жоохон байна. 1 нас хүртэл нь харзнахаас өөр аргагүй гэхэд би сандраад үгүй ээ миний хүүхэд унтахдаа амьсгалж чадахгүй байна шүүдээ, хагалгаа болтол бид яах вэ? гэхэд зүгээр л хүлээ гэж хэлсэн. Тэгээд нэлээд судалсны эцэст нөхөр бид хоёр хүүхдийн амин үзүүлтийг хэмждэг Owlet гээд ухаалаг оймс захиалж авахаар шийдсэн. Цусны хүчилтөрөгч болон зүрхний цохилтыг хэмждэг, хүүхдийн шагайд нь угладаг тийм оймс байдаг юм, тэр оймсноос авсан мэдээлэл нь өөрийн тусгай апплекэйшнрүү мэдээлэл дамжуулдаг. Хэрвээ ямар нэгэн асуудал үүсэх юм бол дохиолол дуугардаг байсан. Манай хүү 1 шөнөдөө бараг 9, 10 удаа дохиолол дуугаргаж байсан.
Би хүүгээ унтуулхчаад дараа нь орондоо орно, хүүгээ би 19:00 гэж унтууллаа гэхэд би өөрөө 23:00 гээд унтах ч юм уу. Яг энэ өөрөө ганцаараа унтаж байгаа үед амин үзүүлэлтүүд нь унаж дохиолол нь их хэмжээгээр дуугардаг байсан, харин намайг хажууд нь ойрхон унтахад арай бага дуугардаг. Миний биеийн хэмнэлийг мэдэрч, миний амьсгалыг дагаж амьсгалж, миний амьсгалаас гарах нүүрстөрөгчөөс миний хүү өөрөө хүчилтөрөгч авах сэдэлт эргүүлээд авч байсан юм.
Тэгээд би яг ганцаараа унтаж байх үед нь дохиолол дуугарангуут очиж нүүрлүү нь зөөлөн үлээж, цээжийг нь зөөлөн хэмнэлтэй дарж өгөхөөр миний хүү гэнэт ихэр татаж байгаа юм шиг гүнзгий амьсгаа аваад сэрэхгүйгээр үргэлжлүүлээд тайван унтдаг байсан. Мэдээж Sleep Apnea-тай хэвээрээ байсан ч бид бас тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой болсон, яахав маш их ядардаг байсныг эс тооцвол бидний хувьд энэ бол маш том амжилт билээ. Энэ маягаар 1 нас хүртэл нь аргалж байсан.
ADENOID АВАХУУЛАХ ХАГАЛГАА
Тэгээд 1 нас хүрээд Чих Хамар Хоолойн эмчид эргээд үзүүлэхэд хоолойн мах нь зүгээр байна харин хамрын ард байгаа булчирхай мах (adenoid) нь хэвийн хэмжээнээсээ хэд дахин том байгаа болохоор хагалгаанд орох хэрэгтэй гээд яг намайг төрөхөөс 1 долоо хоногийн өмнө хүүг маань хагалгаанд оруулсан. Хагалгааны дараа эдгэх 3 долоо хоногийн хугацаанд Sleep Apnea нь бүр илүү дорддог гэдгийг бид мэдээгүй байсан болохоор маш хэцүү үе байсан шүү, харин ч хэвлийд байсан миний 4 дэх хүү мэдсэн юм шиг хугацаанаасаа 2 долоо хоногийн дараа төрсөн шүү.
Adenoid хагалгааных нь дараа ер нь нойр нь сайжирсан, машинд унтаж чаддаг болсон гэхдээ л бүх юм бүрэн дуусаагүй байлаа. Owlet оймс нь шөнө олон дуугархаа больж хааяа л нэг дуугарах эсвэл өдөр өнжөөд нэг ч юм уу. Гэхдээ манай хүү унтахдаа их хөдөлгөөнтэй унтдаг хэвээрээ байсан, нэг л тухгүй ч юм шиг. Хүүхдүүд чинь нэг тухтай байрлалдаа ороод заримдаа хөдөлгөөнгүй нам унтдаг шүү дээ? манай хүүд нэг ч тийм тайван үе байдаггүй байсан. Adenoid нь амьсгалын замынх нь 75%-ийг нь хааж байсан учир мэдээж авахуулснаар нойрны чанарт нь сайнаар нөлөөлсөн ч зарим асуудал байгаад байсан болохоор бид Чих Хамар Хоолойн эмчтэйгээ холбоотой байж зөвлөгөө авахад эмч нь “танай хүү магадгүй ямар нэгэн зүйлээс харшлаад байгаа байх” гээд харшлын эмүүд өгөхөд аль нь ч нэмэр болоогүй. Тэгээд эцэст нь эмч нар за ерөөсөө л танай хүүхдийн хэвийн байдал нь л ийм юм байлгүйдээ гээд л орхисон.
ЮМ ИДЭХЭЭ БОЛЬЖ, ЮМ ЯРИХАА БОЛЬСОН
Өдөр өнгөрөх тусам манай хүү юм идэхээ больж, юм ярихыг хичээхээ больсон. Хоол уг нь идэх гээд байдаг тэгээд аманд нь ормогц шууд гаргаж хаяад дахиад л хоол идэх гээд зүтгэдэг. Манай гэрийнхэн болон найз нөхөд маань танай хүүхэд чинь чамайг дуурайсан хоол голдог юм байлгүйдээ гээд нээх тоохгүй байсан. Хоол голдог хүүхэд арай ч ийм байдаггүйг би мэдээд байсан л даа, манай хүүхэд өөрөө хоол идэх маш сонирхолтой, ямар ч хоолыг идэх гэж хичээдэг даан ч аманд нь ормогц гаргаад, цацаад байдаг гэхээр арай л нэг өөр асуудал юм шиг санагдсан л даа. Хоол голдог хүүхэд бол амруугаа тэгж идэвхтэй хоол хийх байтугай дургүй хоолоо амруугаа ойртуулдаг ч үгүй.
Хоол идэж чадахгүй байхаас гадна хэлд ерөөсөө орохгүй, үг хэлэхийг ч хүсэхгүй, оролдох ч үгүй байсан учир бид улсын хүүхдийн хөгжлийг дэмжих төврүү хандсан. Early Rise Intervention гээд энэ газар нь хэл яриа, хөдөлгөөний, сэтгэхүйн эмгэгтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг төв юм. Эднийх манай хүүхдийг үзээд хүний ярьж байгаа зүйлийг хэвийн хэмжээнд ойлгож байгаа учир ямар нэгэн тусгай хөтөлбөрт хамрагдах хэрэггүй гэж дүгнэсэн. Ойлгох нэг өөр, ярих нэг өөр биздээ гээд би шууд эсэргүүцлээ илэрхийлж бараг 2 цаг шахуу тэдний төвийн бүх хүнд уурлаж, хөтөлбөрт оруулахыг шаардаж орилж уйлсны эцэст манай хүүхдийг хэл яриа дэмжих хөтөлбөрт хамрагдуулсан. Гэхдээ ямар ч үр дүнд хүрээгүй.
Дараа нь бид улсын биш хувийн ийм хүүхдийн хөгжлийг дэмждэг байгууллагуудад маш их хандсан. Бид сайн даатгалтай байсан учир ямар ч төлбөртэй хөтөлбөрт ороход бэлэн байсан ч мөн л үр дүнгүй байсан.
Манай хүүхэд маш их өлсдөг, үргэлж ядарсан маягтай, юм ч ярьдаггүй, тэгээд энэ бүхнээсээ болж маш их уур уцаартай байдаг байсан, үсээ байнга зулгааж, өөрийгөө гэмтээж, цохидог байсан ч цаанаа эелдэг зөөлөн, хайр хүргэсэн зангууд нь үе үе гарч ирнээ. Тэгээд бид өрхийн эмчээсээ мэдрэлийн эмчид хандах ёстой юм болов уу гэж лавлахад нээх сүртэй авч хэлцэлгүй, бараг би ч юм идэхгүй унтахгүй байвал ийм ууртай л байх байсан, хэн ч энгэх байсан ухааны юм надад хэлсэн.
ШҮДНИЙ ЭМЧ
Шүдний эмчдээ хэд хэдэн удаа хандаж ямар нэгэн асуудал байна уу гэхэд эмч нь хөхөө зүгээр хөхдөг бол ямар ч асуудалгүй ээ гээд л биднийг явуулж байсан. Хэлний арын богино хөвч эмгэгийг (posterior tongue tie) эмч нар маш нарийн шинжихгүй бол нүдэнд бол шууд ил харагддаггүй учир шүдний эмч хэд хэд өнгөцхөн хараад хөхөө сайн хөхдөг учир гээд сайн шалгаагүй. Тийм учраас би tongue tie эмгэг биш гээд л итгээд яваад байлаа.
Нэг өдөр манай найз Facebook дээр нэг хүүхдийн Sleep Apnea-гийн тухай постны доор нь намайг коммент хэсэгт нь mention хийсэн юм: /Kelli энэ хүн танай хүүтэй адилхан асуудалтай байгаа юм биш үү? Чи уншдаа/ гээд бичсэн байсан. Би ч уншаад нээх юм бодсонгүй гэтэл доор нь нэг ээж Tongue Tie юм биш үү гэхэд нь би бараг нүдээ эргэлдүүлсэн. Юу гэж л Tongue Tie байв гэждээ гэж бодоод л. Тэгсэн хэд хэдэн ээжүүд бараг зэрэг шах уу tongue tie мөн байна, үзүүл үзүүл гээд байхаар нь би юмыг яаж мэдхэв гээд эргээд шүдний эмч дээрээ очоод дахиад нэг шалгаад өг гэхэд эмч бүрэн шалгалт хийгээд, нэлээд нарийн шинжсэний дараа Posterior tongue tie мөн байна гэсэн юм.
Мөн гэдгийг нь мэдээд тэр эмч маш их өөртөө гутарч надаас уучлалт гуйж билээ. Гэхдээ тэдний эмнэлэг нь даана ч хагалгаа хийхгүй гэсэн яагаад гэвэл миний хүү 2 ой хагастай байсан учир. Тэднийх зөвхөн 1 ой гоос доош аль эсвэл 5 наснаас дээш хагалгаа хийдэг учир нь энэ насны хүүхдүүд нэг бол сайн юм ойлгоогүй үедээ эсвэл хүний үг сайн ойлгодог болсны дараа байвал хагалгааны дараах арчилгаа нь илүү амар бас зөв хийгддэг гэжээ. Тэгээд биднийг Чих Хамар Хоолойн эмнэлэгрүү хандсан дээр гэж шүдний эмч маань зөвлөсөн.
ЭРГЭЭД ЧИХ ХАМАР ХООЛОЙ
Бид Чих Хамар Хоолойн эмч дээрээ очиход тэд хагалгааг нь хийхээр болсон гэхдээ тэд миний хүүгийн Sleep Apnea болон хэл ярианы асуудалд нь энэ хагалгаа нь хэр сайн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй байна гэж анхааруулж оруулж байсан юм. Биднийг энэ хагалгаанд битгий хэт их найдаарай гэж хэлж билээ.
Хагалгааны дараа манай хүү бүтэн наркозноосоо гараад л бүтэн таваг хоол идсэн. Тэр бүр маш их өлссөн байсан. Хараад би үхтлээ уйлсан. Дараагийн өдөр нь эмнэлгээс гараад гэртээ харих замдаа машинд дуртай дуу нь явахад миний хүү шууд дагаж дуулах гэж оролдсон, бид бүүр итгэхгүй, нэг ч үг хэлдэггүй байсан хүүхэд дотроо дуулахыг маш их хүсдэг байсан болохоор шууд л эхлээд дуулах гэж хичээж байсанд нь зүрх өвдөж бас л үхтлээ уйлж билээ. Байж ядсандаа миний хүү байнга нүүрээ маажиж нүх арьсандаа ухаж гаргадаг байсан бүх шархнууд нь аяндаа соривжоод эдгэж, үргэлж ууртай байх нь шууд багассан гэхдээ яахав жоохон ааштай хэвээрээ л дээ. Төрснөөсөө авахуулаад л энэ бүхнийг даван туулсан нь ерөнхий ааш араншинд нь их хэмжээгээр нөлөөлсөн байх гэж би боддог.
Хагалгааныхаа дараа хэл ярианы хөгжил болон хоол идэх нь эрс сайжирсан гэхдээ би, ээж нь л ойрхон байхгүй бол сандарч айж уйлж бөөн юм болдог байсан. Бүр нэг хором ч надаас холддоггүй, энэ нь надад нээх асуудал биш байсан ч хэвийн биш учир би эргээд хүүхэд хөгжлийн төвдөө хандаж мэргэжлийн сэтгэл зүй засах хөтөлбөрт (occupational therapy) хамрагдсан.
МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ЗАСАХ ХӨТӨЛБӨР
Хэдэн сарын дараа миний хүү шал өөр хүн болсон. Төрөхөөс нь авахуулаад миний хүүгийн энэ бүх нойрны асуудал нь сэтгэл зүйд нь их хэмжээний хохирол, гэмтэл өгсөн байсан (trauma). Ямар нэгэн асуудлыг тунгаан бодож шийдвэрлэх чадваргүй, бие даах чадваргүй, ачаалал, стресс зохицуулах чадваргүй болсон байсан нь эрс сайжирсан. Амьдралд дахиад нэг үзэж тарах, амьдрал гэж ийм байдаг гэдгийг мэдрэх дахин боломж олдсон мэт миний хүү жин нэмж эхлээд, сайн юм идэж бас маш сайн унтдаг болсон.
ГЭР БҮЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Асуудал сайжрах хүртэлх хугацаанд би маш их ядарч гүн сэтгэл санааны хямралд орсноор сүүлдээ хий юм хардаг, сонсдог болсон байсан юм. Зарим үед би бүүр өөрөө жирэмсэнээ мартчихдаг тэгээд хэвлийд байгаа хүүхэд минь хөдлөхөөр цочиж орилдог байсан гээд л бод. Тэр үед нөхөр маань ажлаасаа ирээд шөнө нь сэрүүн байж надад туслахын тулд маш их хэмжээний кофе уудаг байсан нь сүүлдээ сөргөөр нөлөөлж, өдрийн цагаар ч гэсэн гэнэт гэнэт сонин газар өөрийн мэдэлгүй ядраад унтаад өгчихдөг болсон учир нөхөр маань ганцаараа хүүхдээ харж үлдэхэд аюултай нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Тэгээд дийлэнх ачаалал над дээр ирж байсан юм. Энэ үед нөхөр бид хоёрын хувьд маш хэцүү үе байсан. Байнга бие биенээ зэмлэж, хэрэлдэж, үргэлж нэгнээсээ буруу хайж, бүх зүйлээс болъё гээд больж болохгүй аль алинд нь харанхуй манан дунд байсан юм шиг санагддаг. Ийм сайхан хүүхдүүдтэй, ийм гоё амьдралтай байгаадаа талархаж баярлаж явах ёстой байдал тэр бүх гоё сайхнаа хүн хэцүү нөхцөл байдалд удаан явахаар ойлгож ухаарч чадахаа больдог юм байналээ. Хар дарсан зүүд шиг гэж хэлэхэд бараг багадахаар тийм хэцүү цаг үе бидний амьдралд 2 жил хагас үргэлжилсэн юм.
Одоо ч гэсэн би өөрөө ч бай, хүүхдээ ч бай үзүүлдэг эмч мэргэжилтэн болгондоо энэ түүхээ ярьж өгдөг яагаад гэхээр миний туулсан энэ бүхнийг хамаагүй хурдан шийдвэрлэж зөвлөж өгөх хэрэгтэй хүмүүс нь эмч нар байсан ч тэд нар намайг сэтгэлээсээ хүлээж авч, зөв дэмжлэг үзүүлээгүй. Бүрэн сонсож ойлгож дэмжихийг хүсээгүй. Үл тоомсорлож, хэрвээ өөрсдөө үнэхээр мэдэхгүй зүйл байсан бол мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, мэддэг юм шиг хүнд буруу ташуу зөвлөгөө өгснөөр миний хүү маш их цаг хугацаа алдсан гэж би боддог.
Нэг жишээ нь эмчдээ үзүүлэх гээд хүлээх зуур эмчийн туслах сувилагч нь биднээс асуумж авахдаа яг ямар шалтгаанаар уулзах гэж байгааг асуухад бид хэлний богино хөвчийг нь хайчлах хагалгаанд орох хүсэлтэй байгаагаа хэлэхэд тэр хэлний богино хөвчийг тайрвал хэл нь унтаж байхад нь хоолойруу нь унжиж ороод бүр амьсгалыг нь бооно шүүдээ гэж хэлж байсан юм. Тэр бол улсын эмнэлгийн мэргэжлийн анагаах ухааны сувилагч хүн байсан шүү дээ?
Мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө ийм мэдээлэл муутай, хамгийн гол нь буруу мэдээлэлдээ бүрэн итгэлтэйгээр бусад мэдэхгүй эцэг эхчүүдэд зөвлөсөөр байгаад нь би гайхдаг бас уур хүрдэг. Хэлний богино хөвч эмгэгээс болоод амьсгал нь боогдоод байхад хагалгаа хийснээр хэл нь арагшаа унжина гээд итгээд бусдад ийм буруу зөвлөөд байж байдаг тэр сувилагч үнэхээр өөрөөсөө ичээсэй гэж боддог.
Өмнө үзүүлсэн эмч нар дээрээ би эргэж очиж юу болсоноо хэлэхэд зарим нь ойлгож авсан, зарим нь өөдөөс уурлаж байсан, харин зарим нь өөрсдийгөө ихэд буруутгасан маягтай янз янзаар хүлээж авч байж билээ. Би тэр эмч нарыг энэ явдлаас туршлага аваад цаашид үзэж зөвлөх эцэг эхчүүдэд арай өөрөөр ханддаг болоосой гэж л хүссэн юм.
НОЙРНЫ ЭРҮҮЛ АХУЙ
Манай том хүү одоо 15 настай. Idiopathic hypersomnia -гаар оношлогдсон. Энэ нь яадаг вэ гэхээр үргэлж ядраастай байдаг, сэрүүн үедээ ч гэсэн маш их хэмжээгээр ядарч сульддаг тэгээд өдрийн 18 цаг тасралтгүй унтдаг. Энэ дундаа огт сэрдэггүй нам унтдаг. Энэ 18 цаг нь өдрийн хэзээ нь ч байж болдог. Манай 3 дах хүүг бодвол том хүү маань багадаа арай хөнгөн хэлбэрийн Sleep Apnea-тай байсан учир эмч нар нээх тоохгүй байсан бас би ч гайгүй аргалаад байсан болохоор гүрийгээд болгоод явж байсан юм. Харин өнөөдрийг хүртэл манай хүүд тохирсон эмчилгээ, хөтөлбөр байхгүй байгаа юм.
Гэхдээ бид үргэлж нойрны эрүүл ахуй гэдэг зүйлийг нь сахиж, нойрыг нь яг сайжруулахгүй ч тусалж болох бүхий л зүйлийг хийхийг хичээдэг. Энгийн хүүхэд болгонд байдаг нойрны асуудал болон ямар нэгэн эмгэгээс болсон нойрны асуудал хоёр шал өөр зүйл гэхдээ аль алинд нь нойрны эрүүл ахуйг нь үргэлж сахиж байх хэрэгтэй яагаад гэвэл үнэхээр нэмэртэй байдаг. Жишээ нь том хүү дээрээ бид өдөр шөнийн ялгааг нь тархинд нь мэдрүүлэхийн тулд өдрийн цагаар унтаж байхад нь хөшгөө нээлттэй, тод гэрэлтэй, чимээ ихтэй байлгах, шөнийн цагаар унтаж чадахгүй сэрүүн байвал харанхуй байлгаж, чимээгүй орчинд тайван байлгах гэх мэт.
Нойрны асуудалтай хүүхэдтэй байгаа эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхэд нь унтахгүй байхаар үнэхээр хэцүү байдаг ч хамгийн эхэнд бид өөрсдийнхөө сэтгэл санааг өөрчлөх хэрэгтэй байдаг шүү. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн эмгэгтэй байна гэж онош авах дургүйг хэлэхүү энэ талаар бодолцохыг ч хүсдэггүй. Мөн энэ талаас нь зөвлөгөө өгч байгаа эмч, мэргэжилтнүүдэд тэд эмзэглэж уурладаг. Гэхдээ бид үргэлж юмыг яаж мэдэхэв гэдэг сэтгэхүйтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Үнэхээр ийм тийм эмгэг БИШ гэдгийг нь баталгаажуулаад авчих юм бол хамаагүй сэтгэл санаа амар тайван байна. Харин ямар нэгэн эмгэг мөн бол эртхэн илрүүлж мэдэж авснаар ирээдүйд тухайн эмгэгээс болж гарах нь тодорхой асуудлуудыг наана нь шийдвэрлэх боломжтой болно шүү дээ.
Та бүхэн миний Sleep Apnea үед илрэх ноцтой шинж тэмдгүүдийг бичсэн жагсаалтыг уншаарай гэж зөвлөмөөр байна (доор оруулсан). Хэрвээ таны хүүхдэд нэг л биш санагдсан ямар нэгэн нойрны ноцтой асуудал байх юм бол эхлээд Sleep Apnea эсвэл Tongue Tie байна уу үгүй юу гэдгийг нэн түрүүнд бодолцоорой гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна. Ээжийн зөн совин гэдэг зүйлдээ итгэж яваарай.
– Kelli Crawford
(Зүүн талаас: Tracy Spackman, Kelli Crawford, Andrea Strang)
Sleep Apnea-гийн ноцтой шинж тэмдгүүд (Kelli Crawford):
-
Ядарсан үедээ, унтаж байхдаа эсвэл цожиж сэрэхдээ их хэмжээгээр хөлөрдөг
-
Унтаж байхдаа маш их хөдөлдөг, нэг байрлалдаа унтдаггүй, сонин сонин эвгүй байрлалд орж унтдаг
-
Хар дарж зүүдлээд сэрж байгаа юм шиг гэнэт цочих маягтай сэрэх, сэрээд эргэж буцаж унтдаггүй. Ямар ч аргадалт авдаггүй
-
Хэвийн үеэс илүү шөнө дунд сэрэх давтамжууд нь маш их
-
Амаа нээлттэй унтах
-
Хурхирах
-
Юм ярьж уйлахдаа бүдүүн хоолойтой байх (миний хүүгийн хувьд энэ нь хамрын арын мах нь том байсантай холбоотой байсан юм)
-
Хэлний эрмэг нь иржгэр болох
-
Ойр ойрхон чих нь өвддөг
-
Шөнө хүчилтөрөгч дутагдснаар толгой таллаж өвдөх
-
Унтаж байхад ялагрдаг өсөлтийн даавар муу байснаар хүүхдийн жин өсөлт буурах, зогсох
-
Хамрын арын мах хэт том байснаас болж үргэлж шингэн нус гарах
-
Машины суудалд унтахгүй, суухыг эсэргүүцэх. Машины суудалаас авах хүртэл нь уйлж чарлах, унтах гэсэн ч унтахгүй байх. Зүйрмэглээд ирэхээрээ эргэж уйлж сэрдэг.
Хэлний арын богино хөвч (posterior tongue tie) эмгэгтэй үед хүүхэд мээмээ идэхдээ чаг чаг гэж дугарах, шингэн зүйл, нухаш, зутангаас өөр хоол залгиж чадахгүй байх. Бүхэл хоол залгихын тулд хэл дээшээ болж хоолыг залгихад тусалдаг учир хэлний богино хөвч эмгэгтэй үед тэгэх боломжгүй байдаг, ихэвчлэн хүүхдүүд бүхэл хоолыг буцаагаад гаргадаг. Хоол идэх хүсэл нь байв ч хоол идэж чадахгүй байх. Энэ тохиолдолд хүүхдээ зүгээр л хоолоо голоод байгаа биш гэдгийг мэдэж авна.
Бүхэл хоол зажилж залгихыг маш их хичээж байгаа ам нь их ядардаг учир хүүхэд юм идэх дуршилгүй болдог.
Хэл ярианы хөгжил маш удаан байх. Удаан байснаар хүүхэд шинэ үг сурах, хэлэхийг хичээхээ болих. Ам нь юм идэхэд, юм ярихад их ачааллалдаг учир ядарсандаа хүүхэд хичээхийг хүсдэггүй.
Биеийн жин өсөлт удаашрах, зогсох, бага жинтэй байх. (Бүхэл хоол идэж чадахгүй, зөвхөн шингэн зүйлээр хооллолдог учир жин бага нэмдэг)
Дээрх бүх шинж тэмдгүүд нэгэн зэрэг илрэхгүй гэдгийг сануулъя.
Хэрвээ та Sleep Apnea мөн байна гэж дүгнэж байвал Owlet Monitor санал болгож байна мөн Чих Хамар Хоолойн эмчид хандаж ямар нэгэн хагалгаа шаардлагатай эсэхийг тодруулах ялангуяа хамрын арын мах.
ЗӨВХӨН ХЭЛНИЙ БОГИНО ХӨВЧ ЭМГЭГТЭЙ ҮЕД
Хүүхэд яг хэлний богино хөвчтэй байна уу гэдгийг сайн шалгах хэрэгтэй байдаг. Арын хэлний богино хөвч эмгэгийг нарийн шалгахгүй бол сайн мэдэгддэггүй шүү. Шүдний эмч, хүүхдийн эмч болон чих хамар хоолойн зарим эмч нар давхар хэлний богино хөвч эмгэгээр нарийн мэргэшсэн байж болох ч ихэнх нь тийм байдаггүй учир аль болох яг энэ эмгэгээр мэргэшсэн туршлагатай эмч мэргэжилтэн дээр очихыг зөвлөж байна. Ихэнх эмч нар хэлний богино хөвч хайчлах хагалгааг сайшаадаггүй яагаад гэвэл нээх шаардлаггүй гэж боддог, гэхдээ тэглээ гээд хэрэггүй гэсэн үг бол биш шүү. 1 ээс 5 настай хүүхдийг ийм хагалгаанд оруулахыг зөвлөдггүй ч Чих Хамар Хоолойн тасаг дээр бүтэн мэдээ алдуулагчтай, оёдолтой хагалгаанд бол орж болдог. Энэ насны хүүхдүүдэд оёдол заавал тавихгүй бол хагалгааны дараах арчилгааны үед буруу эдгээх магадлал өндөртэй байдаг. 1 ээс доош эсвэл 5 аас дээш насны хүүхдүүдэд хэсгийн мэдээ алдуулагчтай бас оёдол тавих шаардлагагүй байдаг шүү.
Хагалгааны дараах арчилгаа маш чухал. Буруу эдгээснээс болж асуудал хүндрэх, дахин хагалгаанд орох гэх мэт асуудлууд үүсдэг. Шархын арчилгаанаас гадна амны эргэн тойрны булчинг хөгжүүлэх дасгалууд хийлгэх, массаж хийх маш чухал. Хагалгааны дараа хүүхэд юм сайн иддэг болсон ч ам нь амархан ядраад үдээс хойш оройхон юм идэхээс төвөгшөөдөг, гэхдээ бага багаар хүүхэд дасдаг.
Хагалгааны дараах хоолны болон хэл яриа хөгжүүлэх дасгал, хөтөлбрүүд сайн тусалж чаддаг шүү. Хэлний богино хөвчөөсөө болж хүүхэд урт удаан хугацааны турш маш их ядарч өлссөндөө зан авирын асуудалтай болсон байдаг. Мэдээж өлссөн ядарсан үед хэн ч өөрийнхөөрөө байж, зөв сэтгэж, бодож чаддаггүй. Тиймээс хүүхдүүд маш их ууралж, өөрийгөө гэмтээж, савж унах, аргадалт авахгүй, учир нь олдохгүй дүрсгүйтэх зэрэг зан аашууд гаргах нь элбэг байдаг. Энэ бол мэдрэлийн асуудал биш харин нөхцөл байдлаас хамааралтай асуудал учир хагалгааны дараа илүү сайн үр дүнд хүрж бүрэн хүүхдээ анагаахын тулд сэтгэл зүйн хөтөлбөр, дэмжлэгт заавал хамрагдаарай.
Сэтгэл зүйн засал нь хэрэггүй зүйл гэж үл тоомсорлож болохгүй, гэхдээ давхар цэцэрлэг, бусад хүүхдүүдтэй тоглохтой хавсарж хүүхдийн сэтгэл санааг нь сайжруулах хэрэгтэй. Хүүхдээ сайн хэлд оруулахын тулд хялбар үгтэй удаан хэмнэлтэй дуунууд хамт дуулах нь их тусалдаг шүү.
Хэлний богино хөвч сэдэв дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Sleep Corner -ийн Хүүхдийн Нойрны Тухай Мэдлэгээ Тэлцгээе 1-р сэдэвийг уншаарай:
0 Comments