Нойрны Эрүүл Ахуй
Хүүхэд сайн унтахын тулд эхлээд бүрдсэн байх хэрэгтэй хүчин зүйлүүд гэж байдаг (Sleep hygiene)
Бидний гол зорилго бол “чанартай нойр” гэсэн шатлалруу хүрэх. Хүүхэд чанартай нойр авснаар сайн унтана, зөв нойрны хэмнэлтэй болдог. Харин энд хүрэхийн тулд хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ?
1.Унтах орон зайгаар хангаж өгөх
Үүнд зөвхөн хүүхдийн орны тухай яриагүй бөгөөд маш олон зүйлүүд бүрдсэн байж хүүхдийн аюулгүй, тухтай унтах орчин нь бүрддэг. Унтаж байгаа орчин нь нэг дүгээрт аюулгүй байх хэрэгтэй. Хоёр дугаарт тав тухтай байх хэрэгтэй. Хүүхэд гэлтгүй том хүмүүст ч хамааралтай. Тохирсон өрөөний хэм, хувцаслалт, үнэр, чийгшил, орны зөөлөн хатуу, дэвсгэр даавуу, гэрэлтэй/харанхуй, чимээтэй/чимээгүй гэсэн бүхэн нь нойронд маш хамааралтай хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлүүд.
- Аюулгүй
- Харанхуй – Мелатонин даавар, гэрэлний өнгө
- White noise-тай эсвэл чимээ багатай байх
- Өрөөний хэм 19-22 градуст
- Зөв хувцаслалт
- Эмх замбраатай, тоглоомгүй
- Өрөөний чийгшил 30-50%-тай барих
- Хурц үнэргүй
2. Зөв цагуудаар сэрж унтах
Унтах орон зай бүрдсэний дараа хүүхэд нь зөв цагаар, насанд нь тохирсон хуваариар өдрийг өнгөрүүлдэг байх. Хүн, тэр тусмаа жоохон хүүхдүүд, тодорхой авах ёстой нойр, унтах ёстой цаг, болон сэрүүн байх хугацаа гэж заавал байдаг. Энэ бол хэн нэгэн зохиосон зүйл биш бөгөөд хүн төрөлхтөн анх үүссэнээс хойш л бий болсон зүйл. Diurnal sleep habits. Хүүхдийн унтах цагууд нь том хүнийхээс өөр байдаг учир бид зөв цагуудыг нь байнга бодолцож баримтлахыг хичээх хэрэгтэй.
Та хүүхдийнхээ насанд тохирсон унтах цагуудыг мэдэхийг хүсвэл энд дарна уу:
3. Хангалттай нойр
Хүүхэд зөв цагуудаар унтаж, шөнөдөө болон өдөртөө авах хэрэгтэй нойроо авч чадсанаар нойрны асуудлын гол эх үүсвэр нь байдаг хэт ядралт/ overtiredness гэдэг зүйлээс урьдчилан сэргийлж хангалттай нойроо авч чаддаг. Харин энэ хангалттай нойроо яаж авч байна гэдэг их чухал. Хүүхэд нь үргэлж мээмээ хөхөж байна уу, бүүвэйлж байна уу, угжаа идэж байна уу гэдэг нойрны холбоосууд нь чанартай нойр авахад их нөлөөлдөг яагаад гэвэл ээж ааваас хамааралтай холбоосоор унтдаг л бол хүүхэд өөрөө унтаж сурах боломжгүй байдаг. Нойрны холбоосоо анхаарч бага багаар салгах хэрэгтэй, үүнд олон төрлийн арга байдаг бөгөөд та хүүхддээ тохирсон аргаа олох нь маш чухал.
Нойрны холбоосын тухай постууд:
Нойрны холбоос гэж юу вэ?
Хөхүүлэх нойрны холбоосын тухай
4. Чанартай нойр
Өмнөх 3н хүчин зүйл бүрдснээр чанартай нойрны төвшинд очино. Чанартай нойр нь хүүхдийн биеийн болон оюун ухааны хөгжилд асар хүчтэй нөлөөтэй байдаг. Хүүхэд унтаж байхдаа өсдөг. Гүн нойрондоо бие махбодын нөхөн төлжилт нь болдог бол сэргэг нойрондоо оюун ухааны хөгжил нь явагддаг. Зөв цагаар, зөв орон зайд хангалттай нойроо авч чадсан хүүхдийн нойрны хэмнэл нь чанартай байх нь тодорхой. Чанартай нойр нь зөв амьдралын хэв маяг, зан араншин, бүтээмжтэй байдал, эрүүл саруул сэтгэн бодох зэрэгт шууд хамааралтай.
Чанартай нойрны төвшинд хүрлээ гээд асуудал дуусдаггүй, хүүхдийн нойр байнга өөрчлөгдөж байдаг. Зүгээр унтдаг байсан хүүхэд нь гэнэт унтахаа болиод асуудал үүсээд ирвэл аль үе шатлал дээр нь эргээд анхаарах хэрэгтэй вэ гээд дахиад эхэлнэ.
Хичнээн зөв цагууд баримтлаад унтах орчин, орон зай нь бүрдээгүй бол хүүхэд олон сэрэх, дутуу унтдаг хэвээрээ л байдаг. Эсрэгээрээ унтах орон зай нь бүрдсэн ч зөв цагуудаа барихгүй хүүхэд нь маш удаан хугацаагаар сэрүүн байдаг бол хэт ядралтаасаа болж хангалттай нойроо авахгүй. Чанартай нойрны төвшинд хүрч чадалгүй дутуу нойрны хэмнэлдээ явсаар л байдаг. Бүх хүчин зүйл нь бүрдээд болоод яваад байхад хүүхэд нь ямар нэгэн нойрны асуудалтай байвал та нойрны холбоосууд дээр нь анхаарч тодорхой хэмжээнд sleep training хийх буюу өөрөөр нь унтуулж сургах дасгалууд хийх хэрэгтэй болсон байнаа гэсэн үг.
Хүүхэд үргэлж нэг хэвээрээ байдаггүй бөгөөд хөгжлийн үеүд, нойр доройтох үе, шүд гарах гэх мэт зүйлүүд хүүхдийн нойронд нөлөөлж байдаг. Гэхдээ эдгээр нь түрхэн зуурийнх бөгөөд ямар ч нөхцөл байдал нойрны эрүүл ахуйг сайн сахиж байвал иймэрхүү нойр муудуулах үеүдийг хялбархан даваад гардаг. Аль нэг үе шатлал дээрээ асуудалтай байвал эсвэл зөв бүрдээгүй байх юм бол хүүхдэд ямар ч мундаг sleep training хийгээд нэмэргүй байдаг бөгөөд урт удаан хугацааны шийдэл болдоггүй.
Энэхүү нойрны эрүүл ахуй нь бага насны хүүхдүүдэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсд ч шууд хамараалтай байж болдог шүү.