Унтдаггүй Хүүхэд: 1 ой 11 сартай. Хөхнөөс нь гаргасан арга

Энэхүү блогыг уншихдаа та аль болох улбар шараар тодруулсан холбоосууд дээр байгаа нэмэлт видео, тайлбаруудтай нь хамтад нь үзээд, уншаад яваарай.

 

ЭХЛЭЛ

 

Бага хүүгээ мээмээ идэхгүй унтдаг болгох аяныг маань дагаж байгаа бол намайг нэлээд зөөлөн төрлийн арга хэрэглэж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.  Хэчнээн хүүхдийн нойрны арга зүйч ч гэлээ ээж болгонд тулгардаг хүүхдийнхээ нойрны асуудлыг шийдвэрлэхийн тулд адилхан л үзэж тардаг. Хүмүүс их асуудаг л даа, хүүхдийн нойрны мэргэжилтэн юм чинь хүүхдүүд нь аймар мундаг унтдаг байхдаа тэ гээд. Ерөөсөө тийм бишээ. Үзэж тараад алдаж оносоор л. Яагаад гэвэл хүүхдийг унтуулж сургах, өөрөөр нь унтуулж сургахад ямар нэгэн ид шидийн жор, хурдан түргэн нууц арга гэж огтоос байдаггүй. Ер нь бол цэвэр ээж аавын хичээл зүтгэл тууштай байдал, хүүхдээ ойлгож дэмжих л асуудал байдаг.

1 ой 11 сар хүртэл нь хөхүүлсний гол шалтгаан нь манай бага хүү нярайгаасаа л жин багатай, хоол ундны асуудалтай байдаг байсан бас би өөрөө удаан хөхүүлмээр байсан миний хүсэл энд нөлөөлсөн. 2 ойрхон хүүхэдтэй байхаар их завгүй бужигнасан өдрүүд өнгөрдгийг 2,3 ойрхон хүүхдүүдтэй ээжүүд мэднэдээ. Том дээрээ өмнөх шигээ анхаарлаа хандуулж чадахгүй, бага дээрээ том шигээ тулж харьцаж чадахгүй гээд л. Энэ асуудлаас болж ээжүүд их стрессдэг. Тиймээс бага хүүгээ шөнө дунд хөхүүлэхдээ зөвхөн бид 2-ын нандин үе шиг санагддаг байсан. Чив чимээгүй, бүгд унтчихсан хойно эрхэлдээд мээмээ идээд хамтдаан тэврэлдэх шиг жаргал байгаагүй.

Мээмээ идэж л унтдаг бол хүүхэд хэчнээн том болсон ч мээмээ нэхэж л сэрдэг яагаад гэвэл өөр аргаар унтаж сураагүй, бас мэдэхгүй. Энд хүүхдийн буруу огтоос байхгүй бөгөөд ээж аав нь хүүхэд өөрөө унтаж сурахыг нь заагаагүй, боломжийг нь олгоогүйгээс л үүдэлтэй. Сургалт дээрээ мөн зөвлөмжүүд дээрээ би зөндөө дурддаг: хэчнээн сайн унтаж сурсан хүүхэд байсан ч бага насны хүүхэд шөнө дунд олон сэрдэг, ганц ялгаа нь өөрөө эргээд унтаж чадаж байна уу эсвэл ээж ааваасаа тусламж нэхэж эргэж унтаж байна уу гэдгээрээ. Тусламж гэдэг нь Нойрны холбоосыг хэлж байгаа юм. Бүүвэйлж унтаад сурсан хүүхэд шөнө дунд сэрэхдээ бүүвэйлэхгүй л бол буцаж унтаж чаддаггүй, мээмээ идсэн чигээрээ нүд нь анилдаад унтсан бол тэрийгээ л эргэж нэхнэ гэх мэт. Зарим ээжүүдэд хүүхдээ том болтол нь шөнө хэд ч сэрсэн хамт сэрээд эргэж унтуулаад зууралдах нь асуудалгүй байдаг бол зарим ээжүүдэд энэ нь маш их стресс болж, унтаж амарж чадахгүй, сайн нойроо авч чадахгүй байхаараа ерөнхий сэтгэл санааны байдалд нь сөргөөр нөлөөлж эхэлдэг. Өөрт тань мөн гэр бүлийн уур амьсгалд хүүхдийнхээ нойроо яаж зохицуулж ямар зохион байгуулалтад бүгд орохоо хамтдаа шийдэх нь маш чухал. Хүүхдийнхээ нойрыг хүндэтгэх хэрэгтэй ч гэлээ та бас өөрийгөө бодох хэрэгтэй байдаг шүү.

Таны найз нөхдөд эргэн тойрны эгч дүүсийн хүүхдүүд ингэж унтдаг, ингэж сурсан юм чинь миний хүүхэд бас ингэх ёстой тэгэх ёстой гэсэн шахалтан доор битгий ороорой. Хүүхдээ удаан хөхүүллээ, чи одоо боль боль эсвэл хүүхдээ яагаад бүүвэйлээд байгаа юм бэ, яагаад хөөрхий ийм жоохон хүүхдийг ганцааранг нь унтуулж байгаа юм бэ гээд л олон янзын хэрэгтэй хэрэггүй үгсүүд алхам тутамдаа л бид сонсдог. Нэг айлд нэг ээжид болоод байсан зүйл танд болон таны хүүхдэд тохиромжгүй байж болно. Тэгснээр тэр айл буруу юм хийж байна эсвэл тэр айл л зөв яваад байна гэсэн хязгаарлагдмал бодолд битгий ороорой. Хүүхэд болгон өөр, нэг гэр бүлийн 2 хүүхэд ч хоорондоо тэс ондоо нойрны хэмнэлтэй байх нь хэвийн шүү.

Sleep Corner-ын Унтдаггүй Хүүхдүүд групп дотор саяхан явуулсан санал асуулга дотор ээжүүдийн хүүхдээ хэд болтол нь хөхүүлж байсан тухай:

Манай бага хүүгийн өдрийн хуваарь:

  • 07:30 өглөө сэрэх
  • 12:00 өдрийн унтлага (манай хүүгийн өдрийн унтах бэлтгэл ЭНД ДАРНА УУ)
  • 13:30 сэрнэ
  • 07:45 унтахын өмнөх бэлтгэл (bedtime routine-ны ач тусын тухай ЭНД ДАРНА УУ)
  • 20:00 оройн унтлага
  • Шөнө дор хаяж 3-4 сэрдэг

Та хүүхдийнхээ нийт 24 цагийн унтах ёстой цагуудын тухай мэдэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Хуваарийн арга барилд орсон хүүхдийг ямар нэгэн Sleep train хийхэд хамаагүй амар байдаг яагаад гэвэл тодорхой цагууддаа унтаад сурсан хүүхэд яг тэр үеүддээ нойр нь хүрээд эхэлдэг. Энэ нь Sleep train хийж эхлэх гэж байгаа танд маш том давуу тал болж өгдөг шүү. Хүүхдээ хэзээ унтах гэж байгааг нь мэдэх, цаг нь болоогүй байсан ч ер нь нойр хүрэхээрээ ийм ааштай болдог, ийм шинж тэмдэг ажиглагддаг гэдгийг нь мэдсэн ойлгосон байх танд дараа нь их хэрэг болдог. Сар сардаа өдрийн унтах давтамж багассаны хэрээр сэрүүн байх цаг нь уртасна. 6 сартай хүүхдийн нойрны хэмнэл нь 9 сартай хүүхдийнхээс өөр байх учир тухайн сар сард нь зохицуулалт хийж зөв хэмнэлд нь ээж аавууд бид чиглүүлж өгөх хэрэгтэй.

Миний хүү өдрийн унтлага болон оройн унтлага дээрээ аль алинд нь мээмээ идээд унтдаг байсан. Шөнө бол зоолттой 3 сэрдэг. Сэрэх болгондоо мээмээ хайж нэхэж уйлдаг, тэгээд хөхүүлэхээр олигтой сүүгээ ч уудаггүй зүгээр л зуршил болчихсон байсан. Нээх удалгүй цаашаа хараад үргэлжлүүлээд унтдаг байсан.

 

Яагаад хөхүүлэхээ болихоор шийдсэн бэ?

 

Та бүхэн манай том хүүгийн хэрхэн өөрөө унтаж сурсан тухай үзсэн бол би ер нь нэлээд зууралдаж олон янзын арга туршиж алдаж онож байж учрыг нь олсон гэдгийг мэдэж байгаа байх. Хэрвээ та үзээгүй бол ЭНД ДАРЖ үзээрэй. Арай хийж том хүүгээ гайгүй унтдаг болгоод байж байтал бага хүүтэйгээ уулзсан юм. Ер нь тасралтгүй 4 жил хүүхдийн нойртой ноцолдож байгаа гэсэн үг л дээ. Би өөрөө нойр муутай, сэргэг унтдаг төрлийн хүн учир надад шөнө дунд олон сэрэх, жоохон дутуу нойртой явах нээх асуудал байдаггүй болохоор бас өдийг хүртэл тэссэн байх. Гэхдээ л хүн юм хойно ер нь бол жоохон ядарч эхэлсэн л дээ. Sleep Corner-оо идэвхтэй явуулаад ажилаад эхэлсэн болохоор ч тэр үү ачаалал нэмэгдэж миний эрүүл мэндэд дутуу нойртой явах нь их нөлөөлж байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Өдрийн 2 удаа шөнө хэд хэдэн удаа байнга мээмнээс зүүгдээстэй байх нь эмэгтэй хүний биеийг бол чилээдэг, залхаадаг. Үргэлж өөрийн биеэс гадна дахиад нэг хүн хамт. Би өөрийнхөө биеэ өөртөө эргэж авмаар санагдсан.

Зориг гаргаад үзэж тарах л дутаад, би ч өөрөө төвөгшөөгөөд хойшлуулаад мөн энэ цар тахлын үеэр бас хөхүүлж байвал дээр юм болов уу гээд л олон төрлийн шалтгаанаас болж өдий 2 ой хүргэсэн. Ер нь ээжүүд ямар нэгэн нойрны асуудлыг нь шийдвэрлэж эхлэхээсээ өмнө өөрөө бэлэн байх чухал байдаг шүү. Тууштай байх, тэвчээртэй байх маш чухал бас гэр бүлийн гишүүд нь дэмжих хэрэгтэй. Та өөрийгөө бэлэн эсэхээ мэдэхгүй байгаа бол ЭНД ДАРЖ асуумж бөглөөд үзээрэй.

 

Эхний 5 хоног:

 

Манай инстаграм хуудсан дээр байгаа энэ видеоноос үзээрэй (зурган дээр дарна уу.)

Товч тайлбар:

Эхлээд өдрийн унтлагыг нь өөрөөр нь унтуулж сургаж үзэхээр шийдсэн. Ер нь төрсөн цагаас нь хойш дандаа би л унтуулдаг байсан болохоор эхний ээлжид өөр хүнтэй өдөр нь унтуулж сургая гэж бодсон. Ээж = мээм байдаг учраас ээжтэйгээ байхаараа мээмээ нэхээд хүүхэд их уйлж уурладаг. Өөр ямар ч арга хэрэглэх гэхээр жишээ нь бүүвэйлэх гэхээр ийм том болсон хүүхэд маш их эсэргүүцэл үзүүлэх гээд байдаг талтай. Анхнаасаа ээж нь биш аавтай нь эсвэл эмээ, өвөө, ах, эгчтэйгээ унтаж бас болдог гэдгийг ойлгуулах нь арай амар байдаг. Эгчтэйгээ анх удаа өдрийн унтлага хийхэд эгч нь бүүвэйлсэн. Бүүвэйлхээр хүү маань дороо унтчихдаг харин яг тавихаар л сэрээд буцаж унтахгүй, шал дутуу нойртой сэрээд бөөн уйлаан болно. Эгч нь нам унтах хүртэл нь бараг 20 минут тэвэрсэн чигээрээ хүлээж байгаад хэвтүүлсэн ч дороо сэрдэг байсан болохоор ер нь анхнаасаа хэвтээ байдлаас эхлэе гээд унтахын өмнөх бэлтгэлээ хийгээд хажууд нь зүгээр хэвтэж үзсэн. Хэзээ ч ийм байдалтай унтаж үзээгүй хүүхэд мэдээж хэсэг зуур гайхаж босож сууна, тоглоно, босож зогсоно орноос буух гэж үзнэ гэх мэт. Эгч нь өөрөө хажууд нь унтаж байгаа дүр эсгээд нүдээ аниад чимээгүй хэвтсэн хэрвээ бүүр буух гээд нойр нь сэргээд байвал эргэж аваал хэвтүүлээд буцаад нүдээ аниад хажууд нь хэвтэнэ.

Би энэ аргыг том хүү дээрээ хэрэглээд амжилттай байсан болохоор эгч бид 2 нь за энэ аргаар үзье бүүвэйлэхээ ер нь больё гэж бодсон. Ер нь 30-40 минут болж байж унтах бол хэвийн үзэгдэл байсан эхэндээ. Гэхдээ эцэст нь хүүхэд өөрөө учраа олоод нүдээ аниад унтах л гол зорилго, үүнд цаг ерөөсөө хамаагүй.

Өөрөө нүдээ аниад унтсан учир нам унтсаных нь дараа зөөлхөн хажуунаас нь босоод явахад сэрдэггүй болсон. Манайх white noise асаадаг учир жижиг сажиг дэмий чимээг бас их сайн хааж өгдөг. Их сэргэг унтдаг хүүхдүүдэд white noise их хэрэг болдог шүү . Арай хийж өөрөө унтсан хүүхэд ор хөдлөх чимээнд эсвэл шал дуугарах чимээнд сэрчихдэг. Тэгээд эргээд л буцаад унтах бүх зүйл эхлэх болдог. Тэгэхээр хэрвээ та white noise хэргэлдэггүй бол сонирхоод үзээрэй. ЭНД ДАРЖ миний White noise ач тусын тухай подкастыг сонсоорой.

За тэгээд өдрийн унтлагаа ингэж хийдэг болсон юмаа. Эгчтэйгээ сураад дараа нь би өөрөө унтуулж үзсэн. Ээжтэй байхаараа мээмээ нэхэхнүү гэсэн яг л тэгж байналээ. Гэхдээ би мээм баба ёоёо болчихсон гээд хажууд нь нүдээ аниад хэвтээд л байсан. Мэдээж уйлж уурласан гэхдээ тэр нь нээх удаан үргэлжлээгүй. Бүр уйлаад байхаар нь би тэврээд толгойг нь илээд дуу муу дуулаад тайвшруулсан. Ингээд надтай өдөр нь мээмээ идэхгүй унтдаг болсон юм.

Дэлгэрэнгүй дээрх холбоосоос үзээрэй.

 

Дараагийн хоногууд

 

Дараагийн 7-14 хоногийн тухай Инстаграм дээрээ Стори хувилбараар явсан байгаа. Дээрх зурган дээр MY BOYS гэсэн Highlights дотор байгаа шүү, ЭНД ДАРЖ болно.

Юу болсон тухай товч тайлбар:

Өдөр нь ч шөнө ч мээмгүй унтаж сурсан. Харин шөнө дунд сэрэхэд нь би хөхүүлдэг хэвээрээ байсан. Уг нь шөнөдөө ч бас хөхүүлэхгүй байвал бүрэн унтах чадвартай болдог. Ялангуяа 2 ой хүрэх гэж байгаа хүүхэд бол шөнө сүү уух ямар ч шаардлагагүй болсон байгаа учир мээм хөхөх гээд байгаа нь цэвэр зуршил болсон байдаг. Яагаад би шөнөдөө хөхүүлээд байсан гэхээр ахтайгаа хамт нэг өрөөнд унтдаг учир би бас ахыг нь бодоод уйлуулахгүйгээр шууд хөхүүлээд байдаг талтай болчихсон, яг тэр зуршлаараа шөнөдөө хөхүүлээд л байсан. Ер нь бол 10-15 минут хүлээвэл ихэнх хүүхдүүд буцаад унтах чадвартай байдаг харин шөнө дунд 10 минут гэлтгүй 5 минут хүүхэд гингэнээд уйлагнаад байх маш удаан хугацаа шиг санагддаг шүүдээ. Тийм учраас яг уйлснаас нь хойш цагаа харах их чухал. Уйлалт нь 5 минутын дараа намжихгүй бүр их уйлаад, чангараад байвал аваад хөхүүлэх эсвэл хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Харин уйлалт нь намжаад ирвэл дахиад 5 минут хүлээгээд үзнэ. Бүрэн сэрээгүй хагас сэрчихсэн, яг нойрон дундаа уйлагнаад байх бүр сэрээд чанга чарлаж уйлах 2-ийгоо ялгаж сураарай. Ээжүүд бид нар ер нь хүүхдээ өөрөөр нь тайвшрах боломж өгдөггүй шууд л ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээд сургачихдаг.

Мээмгүй унтаж сураад яг 15 дах хоног дээрээ манай хүү тэр орой гэнэт маш их уйлсан. Өмнө гайгүй өөрөө унтчихдаг байсан чинь яг тэр орой мээмээ нэхээд нэлээд юм болсон. Ер нь хүүхэд өөрөө унтаж сурч байх явц дундаа ээж аавыгаа сорих маягаар ийм үйлдэл гаргадаг шүү, энэ бол хэвийн. Энэ үе дээр нь харин ээж аавууд нь бууж өгөөд зутраад тэгээд хуучин хэмнэлдээ орчихдог талтай байдаг. Юу болчвоо яачваа гээд их урам хугардаг л даа. Яг энэ үед л бид тэсэх хэрэгтэй. Ийм их хичээл зүтгэл гаргачхаад одоо буцаж болохгүй гээд зорилготой тууштай байх хэрэгтэй. Манай хүү тэр орой ерөөсөө унтахгүй бараг 1 цаг уйлан барин ноцолдсон. Дээрх Story Highlights -аас үргэлжлүүлээд энэ тухай уншаарай.

Унтахад хөхнөөс нь гаргаж байгаа нийт хугацаа одоо өнөөдрөөр 1 сар гаран болж байна. Би их аажим аажмаар явж байгаа болохоор ингэж удаж байгаа юм. Арай хурдан арга нь бол тэгээд л Cold Turkey аргаар гаргах. Хөхүүлэхээ болино гэсэн зорилготой өдөр нь ч шөнө нь ч шөнө дунд ч нэгэн зэрэг болиулах арга нь хамаагүй хурдан үнэ дүнд хүрнэ гэхдээ хүүхэд эхэн үедээ арай их уйлах нь тодорхой.

Шөнө дундаа хөхүүлэхээ болиод маш амжилттай явж байсан юм. 20:30 гэж унтаад 01:00 -ийн үед сэрвэгнэж уйлагнаж байгаад өөрөө буцаж унтаад дахиад 05:00 -ийн үед нэг сэрвэлзээд тэгээд өглөө 07:30 – 08:00 гээд босдог болсон байсан  чинь манай хүүхэд яг календарь харж байгаад мэдсэн юм шиг 2 ой хүрмэгцээ 2 насны нойр муудах үе нь эхэлсэн. 2 year Sleep regression гэж хэлдэг, маш том sleep regression -уудын нэг нь байдаг. Яг үнэндээ уг нь regression биш progression юм. Хүүхдийн хувьд том хөгжлийн үе нь эд эсийн холбоосууд хурдацтай явагдаж, шинэ ур чадвар сурах, бие махбодын өсөлт гэх мэт олон зүйлүүд нэгэн зэрэг болж байдаг үеүдийг хэлдэг юм. Энэ үед хүүхдийн нойр муудаж, ааштай болох, ээжээсээ салахгүй болох, хоолондоо дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд ажиглагддаг. Заримдаа Sleep regression нь хүүхдийн шүд гарахтай зэрэгцдэг эсвэл Хөгжлийн 10 том үсрэлттэй нь давхцах тохиолдол ч бий. Хөгжлийн том том үсрэлтийн тухай ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцаарай.

За тэгээд Sleep regression hit болоод одоо өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна. Шөнө 5,6 сэрж байгаа гээд л бод. Одоо мээм өгөхгүй байгаа учир сэрээд уйлаад байгаа үед нь хөхүүлчмээр санагдах юм. Яг хагас сэрээд уурлаад уйлаад юм хум яриад яаж ч аргадсан аргадалт авахгүй шөнө их л ноцолдож байгаа. Сүүлдээ би аргадахаа болиод хажууд нь тас гүрийгээд чимээгүй хэвтэхээр заримдаа 2,3 минутад өөрөө унтчихна заримдаа 10 минут уйлаад л гингэнээд байна тэгээд ахыгаа сэрээчихнэ. За тэгээд 2-ын 2 хүүхэд шөнө дунд уйлагналдаад бас л чанга шүүдээ. Одоо энэ үеийг нь тэсээд л өнгөрнө өөр арга байхгүй. Энэ үед гол нь бүр сэргээгээд гэрлээ асаах хэрэггүй, хүүхэдтэйгээ юм хум ярихгүй байх их чухал. ШШШ гэж хэлээд толгойг нь илээд байхаар хааяа тайвшраад унтаад өгнө эсвэл зүгээр намайг ойрхон байгаа эсэхийг шалгаснаа унтаад өгнө, янз янз. Аль болох би оролцохгүй өөр өөрөө учраа олох боломж өгөхийг хичээж л явна. Хэрвээ энэ үед нь би эргээд хөхүүлэх ч юм уу аваад бүүвэйлэх гэх мэт шинэ холбоос үүсгэх л юм бол тэгээд л нөгөө шөнө олон сэрж мээмээ нэхдэг хэмнэлдээ маш хурдан буцаад л орчихно. Том хүү маань хөөрхий тэгээд сэрсэн ч жоохон уурлаж байгаад буцаад унтаад өгдөг учир нээх санаа зовохгүй одоо бага хүүгээ тэр хэмжээнд л хүргэчихвэл гэж бодоод л байна.

1 сарын өмнө ямар байдалтай байлаа одоо ямар байна гээд харьцуулаад үзэхээр маш том амжилтад хүрсэн мэдрэмж авдаг. Ер нь нойрны тэмдэглэл хөтлөх их чухал. Урам хугарсан үедээ эргээд тэмдэглэлээ хархаар бага багаар ч болтугай ахиад явж байгаагаа хардаг. Утасны notes эсвэл өглөө болгон дэвтэр тэмдэглээд явж болно. Hello Baby app-тай бол апп дотроо бүх нойрны тэмдэглэлээ хийгээд эргээд хүснэгт графикаар харах боломжтой юм байналээ. ЭНД ДАРЖ Hello baby-гийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай, хүүхдийн нойрны тэмдэглэлээс гадна маш олон ээжүүдэд хэрэгтэй мэдээлэл, сургалтууд байдаг шүү. Ер нь бол цахим ягаан дэвтэр л гэсэн үг.

Шөнө нь хөхүүлэхгүй унтуулж сургаад 2 хонож байсан хүүхдийн хяналтын камерны маань бичлэг.

Унтахын өмнөх бэлтгэлээ хийгээд орондоо ороод 15 минут өнгөрсний дараа би Screen record хийж эхэлсэн. Цаана нь манай том хүү унтчихсан байгаа. Наана нь манай бага хүү унтах гээд үзэж тарж байгаа нь. Нийт 45 минутаас 1 цаг ингэж тонгочиж байж унтсан, энэ бичлэг хурдлуулаад 5 минутад багтаасан байгаа. Нүдээ аниад хэвтээд байхад сүүлдээ бүүр тонгочоод сахилгагүйтээд байхаар нь би хүчээр тэврээд хэвтэхээр хүү маань уурлана. Босож суугаад тонгочоод байвал би чамайг ингээд тас тэврээд хэвтэнэ эсвэл чи өөрөө тааваараа хэвтээрэй гэсэн сонголт өөрт нь өгч байгаа байдал юм. Тас тэврүүлэх дургүй учир дороо ойлгоод тэгээд дахиж сүртэй их сахилгагүй босч тонгочихоо больсон байгаа байдлыг эндээс хараарай. Сүүлдээ би өөрөө жинхэнээсээ унтаад өгсөн байналээ.

Санамж: Бага сартай хүүхдүүдэд энэ аргыг хэрэглэхдээ хүүхдээ нам унтах хүртэл нь аль болох унтахгүй байх хэрэгтэй шүү. Таныг унтсан хойно хүүхэд нь унтаагүй бол орноос унах, орноос буугаад энд тэнд хяналтгүй явах гэх мэт аюултай үйлдлүүд хийж магадгүй учир та заавал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү.

Энэ хяналтын камераараа хүүхдүүдээ унтуулчхаад хараад байж байдаг, их амар. Хүүхдүүд биднээс түрүүлж унтах учир, унтуулчхаад өчнөөн ажил амжуулна бас санаа амар нэг кино үзэх ч юм уу, хүүхдүүд яаж байгаа бол, орноосоо унах, эвгүй байрлалд орох зэргийг нь байнга хянах боломжтой. Нярай байхаас нь 2 хүү дээрээ хэрэглэсэн. MI брэндийнх шүү, ЭНД ДАРЖ сонирхоорой.

Бүдэг гэрлээ унтах эхэн үед нь асаагаад хүүхдүүдээ нам унтсаны дараа нь унтраагаад өрөөнөөсөө гардаг. Өөрөө орондоо орох болохоор утасны гэрлээ ашиглаад ордог. Шөнө дунд хүүхдүүд сэрвэл аль болох гэрэл асаалгүйгээр харанхуй байлгадаг. Гудамжны гэрэл, цахилгаан залгуурын улаан гэрэл гэх мэт олон гэрлүүд тусаад ер нь бол хэзээ ч тас харанхуй байдаггүймдөө. Аль болох гэрэл бага байх тусмаа хүүхэд сайн амардаг шүү. Бүдэг гэрэл ашиглах бол  шаргал, улбар шар, улаан туяатай гэрлүүдээс сонгоорой. Цагаан, цэнхэр, ногоон туяа хүний нойрыг илүү сэргээх талдаа байдаг байгаа. Хүүхдээ сайн унтуулах 15 зөвлөмж дотроо ярьсан байгаа, тухайн подкастыг ЭНД ДАРЖ сонсож болно.

 

Дүгнэлт

 

Том хүмүүс бидний хувьд нүдээ аниад унтах бол хэцүү зүйл шиг санагддаггүй харин бага насны хүүхдийн хувьд энэ бол маш том сурах хэрэгтэй шинэ ур чадвар байдаг. Нялх байхаасаа л ээжийн аавын гар дээр, бүүвэйлэгдээд эсвэл мээм идэж л унтаж сурсан хүүхэд орон дээрээ ганцаараа хэвтээ байдалтай нүдээ аниад тайван унтах болтлоо олон зүйл сурах шаардлагатай байдаг. Хүүхдээ хөлд ороход нь эсвэл мөлхөж сурахад нь бид хүлээцтэй ханддаг. Алдаж онох үе өчнөөн байдаг, эцэст нь хүүхэд цаг хугацааны аясаар сурсан байдаг шүү дээ. Гэхдээ таны дэмжлэгээр хүүхэд тухайн шинэ ур чадвараа хурдан сурах сурахгүйн ялгаа байдаг. Хүүхэд өөрөө унтаж сурах боломжийг нь бид ихэвчлэн олгодоггүй, хурдан унтуулахын тулд эсвэл өөрсдийнхөө амраа бодоод л бүүвэйлээд эсвэл хөхүүлээд унтуулчихдаг. Энэ нь ээж ааваас хамааралтай нойрны холбоосыг нь улам бэхжүүлж өгөөд л байдаг.

Та өнөөдөр хүүхдэдээ боломжийг нь олгоод унтах орон зайг нь бүрдүүлээд зүгээр л өөрийг нь тайван орхиод нэг үзээрэй. Мөн шөнө дунд уйлагнаад гингэнээд байхад нь шууд авах биш ядахдаа 5 минут харзнаад нэг үзээрэй. Иймэрхүү жижиг ч болтугай алхмууд үр дүнтэй байдаг бөгөөд таны хүүхэд өөрөө учраа олох чадвартай юм байна гэдгийг нь та хараад гайхах болно. Ээж аавын дэмжлэг нь заримдаа хүүхдээ өөрөөр нь орхих, өөрт нь бие даах боломж олгох хэлбэрээр байж болдог шүү.

Share